Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс дуудсан цагт ирээгүй, барьцаа авах таслах сэргийлэх арга хэмжээ буюу 10 тэрбум төгрөгийн барьцааг энэ сарын 9-ний өдөр шүүхийн тусгай дансанд байршуулаагүй учир шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа бөгөөд түүнийг зургаадугаар сарын 13-ны шөнө дайчлан баривчилж, цагдан хорьсон билээ.