Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Барбра Стрэйзанд цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флоидын охинд Диснейн хувьцаа бэлэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Грэммийн шагналт дуучин Барбра Стрэйзанд

Өнгөрсөн сарын сүүлээр Миннеаполис хотын оршин суугч Жорж Флоид цагдаагийн гарт амь үрэгдсэн явдал АНУ даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл эхлүүлээд байгаа.

Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэнд буюу эхнэр, охин хоёрт нь туслах хөдөлгөөн бас үргэлжилж байна. Өчигдөр хохирогчийн зургаан настай охин Жианна Флоид албан ёсоор Дисней компанийн хувьцаа эзэмшигч болжээ.

Дэлхийн томоохон энтертайнмент компанийн хувьцааг түүнд Америкийн поп од Барбра Стрэйзанд бэлэглэснийг Жианна сошиал хуудсандаа зарласан байна.

Хувьцаанаас гадна 78 настай Грэммийн шагналт дуучин өөрийн хоёр цомгийг Жианна охинд бэлэглэжээ. Яг хэдэн ширхэг хувьцаа бэлэглэсэн нь мэдэгдээгүй байна.

Энэ сарын эхээр Техасын Өмнөдийн Их сургууль Флоидын охинд бүрэн тэтгэлэг олгохоор болсноо зарлаж байв. Рэп од Кэни Уэст бас Жианна охины коллежийн сургалтын төлбөрийг даах болсноо мэдэгдсэн юм.

Сайн санаатнууд Жорж Флоидын гэр бүлд мөнгө хандивлахаар GoFundMe платформ дээр аян эхлүүлсэн нь өнөөдрийн байдлаар $2 саяыг цуглуулаад байна.

 

Эх сурвалж: CNN