Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 2 саяд хүрч, 21 мужид нь буцаад нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалт дэлхийд хамгийн өндөр байгаа АНУ-д яг одоо батлагдсан халдварын тоо нь 2 саяын босгыг давж байна.

Нийт халдвар авсан хүмүүсээс 112,800 гаруй нь нас бараад байгаа юм.

Хэдийгээр тахлын эрч буурахгүй байгаа ч тус улсын бүх 50 муж хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа идэвхжүүлж эхлээд байна.

Хамгийн түрүүнд Жоржиа, Аляска мужууд дөрөвдүгээр сарын сүүлээр хорионоос гарч, хэвийн амьдралд шилжиж эхэлжээ.

Харин өнөөдрийн байдлаар 50 мужийн 21-д нь коронавирусийн халдварын тохиолдол буцаад өсөж эхэлснийг Нью Йорк Таймс мэдээлсэн байна.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь оношилгоо нэмэгдсэнтэй холбоогүйг мэргэжилтнүүд баталж байгаа юм. Тавдугаар сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийт есөн мужид эмнэлэгт хэвтэх хүний тоо өссөн үзүүлэлт ажиглагджээ.

Тэдгээр мужууд нь Техас, Калифорни, Аризона, Арканзас, Юта, Умард Каролина, Өмнөд Каролина, Орегон, Миссиссиппи юм.

Хорио цээрийн дэглэмийг эрт цуцалсны үр дүнд халдварын тохиолдол буцаад өсөж эхэлсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс гадна тавдугаар сарын 25-нд Миннеаполист гарсан цагдаагийн аллагын дараа Америк даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл өрнөсөн нь халдвар тархах нэг хүчин зүйл болж байгааг мэдэгджээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи саяхан хэвлэлд ярихдаа “Black Lives Matter” хөдөлгөөн коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлж байв.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын 7.35 сая тохиолдол бүртгэгдсэний 27 хувь, 416,000 гаруй хүн нас барсны мөн 27 орчим хувь нь АНУ-д оногдож байна.

 

Эх сурвалж: Business Insider