Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хүү Монголд аргаль агнахдаа улсынхаа төсвөөс $75,000-ын зардал гаргасан нь ил болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. Монгол улсад зочлон ирж, Алтайн ууланд аргаль агнаж байсан билээ.

Энэ аялалын үеэр тэр хувийн хамгаалалтдаа зориулж Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс $75,000 орчмыг зарцуулсан нь ил болжээ. Нийслэл Вашингтонд төвтэй Citizens for Responsibility and Ethics ашгийн бус байгууллага залуу Трампын найман өдрийн аялалд Нэгдсэн Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын алба нийт $76,859.36-ын зардал гаргасныг нотлох бичиг баримт олж авснаа Мягмар гарагт нийтэд дэлгэсэн байна.

Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгадаа тайлбарлажээ.

Трампын ууган хүү дэлхийн олон оронд аялж, ан гөрөө хийдгээрээ алдартай. Тэрбээр Монголд ирэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Улаан Номонд бүртгэгдсэн ховор амьтан болох аргалийг агнах тусгай зөвшөөрөл авсан гэсэн яриа бий. Уг уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвээр ярилцсан гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл нийтэд ил болоогүй.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын насанд хүрсэн гурван хүүхэд хувийн аялалдаа татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулдаг гэсэн шүүмжлэл байнга яригддаг юм.

 

Эх сурвалж: CNN