Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын компани хоёр сая километрийн баталгаатай автомашины батарей үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

 Хятадын цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч CATL компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах баталгаатай зай хураагуурыг үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлажээ.

Өнөөдөр ихэнх автомашин үйлдвэрлэгчид батарейндаа 3-8 жилийн хугацаанд 96,000-240,000 километрийн зам туулах баталгаа өгдөг юм.

CATL (Contemporary Amperex Technology) компани уг батарейгаа АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанитай хамтран бүтээж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байжээ.

Тиймээс шинэ батарейны захиалагч нь Тесла болох магадлал өндөр байна.

Шинэ батарейг бүтээх зардал ердийнхээс 10 хувиар өндөр болж байгааг CATL компанийн ерөнхийлөгч Зэн Юүчун хэвлэлд ярьжээ.

Тус компани BMW, Daimler, Honda, Toyota, Volkswagen, Volvo компаниудад батарей нийлүүлдэг бөгөөд сүүлд энэ оны хоёрдугаар сард Тесла компанид Model 3 загварын батарей нийлүүлэх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж байв.

Европын цахилгаан автомашины эрэлт энэ оны эхний гурван сард 2019 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн тухай Canalys судалгааны байгууллага мэдээлжээ.

Мөн хугацаанд зах зээлд нийлүүлэгдсэн нийт шинэ автомашины 7 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

Гэхдээ энэ нь коронавирусийн цар тахлын улмаас шинэ автомашины нийлүүлэлт нэгдүгээр улиралд 26 хувиар буурсан үеийн үзүүлэлт юм.

CATL компани одоо Германы зүүн бүсийн Эрфурт хотод lithium-ion батарейн үйлдвэр байгуулж байгаа ба 2021 онд ашиглалтад орох ажээ.

 

Эх сурвалж: BBC