Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн давуу эрхийг цуцалж, ДЭМБ-аас бүх харилцаагаа тасалж байгааг Дональд Трамп зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эх газрын Хятадаас ялгаатай нөхцлөөр Хонг Конгтой харилцдаг бодлогоо зогсоох болсныг зарлажээ.

Хонг Конгийн өөртөө засах онцгой статус устаж, Бээжингээс хамааралтай болсныг энэ долоо хоногийн эхээр тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео мэдэгдэж байсан юм.

“Хятад улсаас тусдаа хил гаалийн бодлого, визний нөхцөл хэрэгждэг байсан Хонг Конгийн давуу эрхтэй харилцааг бид удахгүй цуцална” гэж Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Үүнээс гадна Хонг Конгийн өөртөө засах онцгой статусыг сулруулахад шууд болон шууд бусаар оролцсон Хятад, Хонг Конгийн албан тушаалтнуудын эсрэг эдийн засаг, санхүүгийн болон визний хориг тавих болсныг мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт Бээжин хотод үргэлжилж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган Пүрэв гарагт Хонг Конгийг аюулаас хамгаалах хуулийг батлах шийдвэр гаргасан юм.

Ингэснээр тус хотыг эх газрын Хятадаас салган тусгаарлах аливаа оролдлогыг Бээжингийн зүгээс таслан зогсоох боломжтой болжээ.

Энэ алхмыг Вашингтоны засаг захиргаа Хонг Конгийн өөртөө засах статус устаж үгүй болсны илрэл гэж үзэж байгаа.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Трамп уг хуулийг баталснаар Хятад улс “нэг улс, хоёр систем” зарчмаа “нэг улс, нэг систем” зарчмаар сольсон гэж шүүмжилжээ.

“Энэ бол Хонг Конгийн иргэдийн хувьд, Хятадын ард түмний хувьд, цаашлаад хүн төрөлхтний хувьд эмгэнэлт явдал юм” гэж тэр хэлсэн байна.

1997 онд Хятад-Британийн байгуулсан гэрээний дагуу Хонг Конг хот эх газраас тусдаа бие даасан засаглалтай оршиж ирсэн юм. Энэ гэрээний үндсэн дээр АНУ-ын засаг захиргаа Хонг Конг хоттой худалдаа, эдийн засгийн онцгой харилцаатай явж ирсэн нь ийнхүү өндөрлөх болж байна.

Өчигдөр бас Дональд Трамп ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-тай бүх харилцаагаа тасалж байгааг зарлажээ.

Ингэхдээ тэр коронавирусийн цар тахлын эсрэг ДЭМБ-ын авсан арга хэмжээг хангалтгүй байсан, Хятадаас хэт хараат байдалтай ажилладаг гэж шүүмжилсэн юм.

АНУ тус байгууллагад зориулдаг санхүүжилтээ дэлхий нийтийн эрүүл мэндийн бусад асуудалд зарцуулахаа мэдэгджээ.

Гэхдээ Трампын шүүмжлэгчид түүнийг АНУ-д цар тахлыг хязгаарлаж чадаагүй алдаагаа ДЭМБ-д тохож, уснаас хуурай гарах арга хайж байна гэж дүгнэдэг.

“ДЭМБ бол гишүүн орнуудаа шүүмжлэх, буруутгах эрхгүй байхаар анхнаасаа зохион байгуулагдсан байгууллага юм. Энэ нь тус байгууллагыг улс төрийн золиос болгон ашиглах таатай боломж олгож байна” гэж Обамагийн засаг захиргааны үед баруун Африкт дэгдсэн Эбола тахлын эсрэг тэмцлийг хариуцаж байсан Жереми Кониндик саяхан хэвлэлд ярьж байжээ.

“Бид ДЭМБ-ыг байгуулахад оролцож байсан. Бид түүний салшгүй нэг хэсэг. ДЭМБ-аас салснаар дэлхий нийт төдийгүй АНУ хохирно” гэж АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал асан, доктор Том Фриден өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.

Мөн АНУ-ын зарим улс төрчид ийм алхам нь ДЭМБ-д Хятад улсын нөлөөг улам нэмэгдүүлнэ гэж болгоомжилж байна.

“Хэрвээ Хятадын нөлөө ДЭМБ-д өндөр байна гэж үзэж байгаа бол ДЭМБ-ыг Хятадын гарт бүрэн оруулах алхам хийх ёсгүй юм” гэж Сенатын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Ардчилсан Намын улс төрч Крис Мурфи мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа ДЭМБ-д жил бүр $400 саяыг төлдөг нь тус байгууллагын төсвийн 14 орчим хувийг бүрдүүлдэг байна.

 

Эх сурвалж: AFP