Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д цагдаагийн аллагыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл дээрэм тонуул болон хувирчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 46 настай, африк гаралтай эрэгтэй Жорж Флоид цагдаагийн гарт амиа алдсан явдлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод эхэлсэн юм.

Даваа гарагийн орой хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаа нар Флоидыг сэжигтнээр баривчлахдаа гарыг нь гавлаж, газар хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөжээ. Энэ харгислалыг тэсвэрлээгүй Флоид удалгүй эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан юм.

 

Үйл явдлыг харуулсан видео бичлэг сошиал ертөнцөд тарсны дараа цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Миннеаполис хотод эхэлсэн байна.

Олон зуун хүн оролцсон жагсаал эхэндээ тайван замаар үргэлжилж байсан ч Лхагва гарагийн орой хүчирхийлэл, дээрэм тонуул болон хувирчээ. Жагсагчид хотын цагдаагийн газрын байр руу дайрч, эвдлэн сүйдэлсэн бол ойролцоох Target супермаркетын салбарт нэвтэрч, дээрэм тонуул хийж эхэлсэн байна.

Дэлгүүрээс бараа дээрэмдээд гарч буй хүмүүсийн дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд таржээ. Флоидыг баривчлах ажиллагаанд оролцсон дөрвөн цагдаагийн нэр тодорсон бөгөөд Миннеаполис хотын захирагч Жэкоб Фрэй тэдэнд эрүүгийн хариуцлага тооцохыг уриалсан юм.

Флоидын гэр бүлийнхэн бас цагдаа нарт хүн амины хэрэг үүсгэн шалгахыг шаарджээ.

“Миннеаполис хотын Лэйк стрит орчмын нөхцөл байдал онц аюултай түвшинд хүрлээ. Нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ бүсийг орхиж явахыг бүх хүмүүст уриалж байна” гэж Миннесота мужийн захирагч Тим Уолц твиттер хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: CNN