Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулсан гэх дөрвөн телевиз, нэг вэб сайтад арга хэмжээ авсан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/180461323303760/
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 46 дугаар зүйлийн 13, 48 дугаар зүйлийн 1.7, 7 гэх дөрвөн заалтуудад тус тус хяналт тавьж ажилладаг. 

Хуулийг тодруулбал, 

  • Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлах /МУИХСтХ 46.13/
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахгүй байх. /МУИХСтХ 48.1.8/
  • Аливаа хэвлэлийн мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулаагүй байх. /МУИХСтХ 48.7/
  • Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаар тайланг нийтэд мэдээлнэ. /МУИХСтХ 39.5/

Мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл " УИХ-ын ээлжит сонгууль эхэлснээс хойш зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

  1. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн МҮОНТ-ээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл гаргасан.
  2. Аймаг, нийслэлийн нийт 138 хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2 удаа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.
  3. Улс төрийн 35 намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.
  4. СЕХ, ХХЗХ болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай уулзалт семинар тогтмол хийж байна.
  5. Телевиз радио, фм, өдөр тутмын сонин, сайт сошиал орчинд байнга хяналт тавьж ажиллаж байна .

Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар зөрчил гаргасан “ТВ 4”, "Боловсрол суваг", “ТМ” “ТВ 10” гэх дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.

Гаргасан зөрчлийн тухайд: 

  1. ТВ 4 телевизийн “таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV 4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр УИХ-ын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий  санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрсөн тул Улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
  2. Olloo.mn сайтаар “Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна” гэх нэртэй нийтлэлд  “Хэнтий аймгийн сонгогчид хэнийг сонгох вэ” гэсэн хэсэгт улс төрийн чансаа тогтоосон судалгаа шалгаруулалт бүхий агуулгатай нийтлэлд уншигчдын сэтгэгдэл авч улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг арилгуулсан.
  3. “ТМ” телевиз “Улс төрийн намуудын амлалт ба биелэлт...” гэх гарчигтай сонгогчдын саналыг 1900-1945 тусгай дугаараар болон телевизийн фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
  4. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фэйсбүүк хуудаснаа 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хий, тус бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийлгэсэн нь хууль бус байсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. 
  5. “Боловсрол суваг” телевизийн “70/76” гэх нэвтрүүлэг нь холбогдох хүмүүсийн боловсрол чадварын талаар сарталчилсан, сонгуулийн талаарх үзэл санааг илэрхийлсэн сонгуулийн сурталчилгааны шинж агуулсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн.

Түүнчлэн цахим орон зай аппликэйшн, фэйсбүүк хуудас ашилан улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан зөрчлүүдэд арга хэмжээ авсан" гэлээ.