Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх түүхэн нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшиллоо

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ бараг 10 жилийн дараа өөрийн сансрын нисгэгчийг өөрийн нутаг дэвсгэрээс, өөрийн хөлгөөр тойрог замд хүргэхээр төлөвлөж байв.

NASA-гийн сансрын нисгэгч Боб Бенкэн, Даг Харли нар SpaceX-ийн хөлөгт байрлаж, хөөрөхөд бэлэн болоод байсан ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан товлосон хугацаанаас 17 минутын өмнө аялалыг зогсоожээ.

Сансрын буудал байрладаг Флорида мужийн Канавералын хошууны орчимд хүчтэй аадар борооны үүл хуралдаж, аянга цахилгаан үүсэх нөхцөл бүрдсэн тул нислэгийг ийнхүү хойшлуулсан байна.

Дахин 10 минут хүлээхэд пуужин сансарт хөөрөх боломж гарах магадлалтай байсан ч аюулгүй байдлыг тооцоолоод төлөвлөгөөг цуцалсан тухай NASA мэдээлжээ.

Сансарт хөөрөх дараагийн цагийг Бямба гарагийн үдээс хойш гэж товлосон байна. Хэрвээ энэ тов бас хойшлогдвол дараагийн боломжит хугацаа нь Ням гарагийн өдрийн 3:00 цаг юм байна.

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA нь 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан юм.

Бенкэн, Харли нар SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэгдэх Crew Dragon хөлгөөр тойрог замд хүрч, Олон Улсын Сансрын Станцад 110 хүртэл хоног ажиллах юм.

 

Эх сурвалж: Business Insider