Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн нийслэлд агаар Цельсийн 47 хэм хүрч халжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын нийслэл Дели хотод өчигдөр агаарын температур Цельсийн 47.6 хэм хүрч халжээ.

Тус улсын хойд хэсгийг агаарын халуун урсгал дайрч байгаа ба халалт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэхийг албаныхан анхааруулсан байна.

Коронавирусийн тахал, царцааны нүүдэлтэй тулгараад байгаа Энэтхэгийн хойд нутаг ийнхүү агаарын хэт халалтад давхар нэрвэгджээ.

 Ражастан мужийн Чуру хотод өчигдөр Цельсийн 50 хэм хүрч халсан нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна.

Орон нутгийн захиргаа иргэдэд гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд жилийн энэ үед ингэж халж байгаагүйг статистик тоо баримт харуулж байна.

Дэлхийн цаг агаарын нөхцөл байдлыг мэдээлдэг El Dorado сайт өчигдөр Энэтхэгийн хойд бүс нутаг манай гарагийн хамгийн халуун цэг байсныг мэдээлжээ.

Агаарын халуун урсгал үүсэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт тус улсын зүүн хэсэг, Бангладешийг дайран өнгөрсөн Амфан далайн хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Өмнө нь Энэтхэгт агаарын температур огцом нэмэгдэх үеэр голдуу гадаа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс амиа алдаж байв.

Энэ удаагийн их халалтаар хүний амь эрсдсэн тухай мэдээ хараахан ирээгүй байна.

 

Эх сурвалж: BBC