Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятад улсын төрийн дууллыг доромжлох явдлыг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг Хонг Конгийн парламент буюу хууль тогтоох зөвлөл хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийг эсэргүүцэж, тасалдуулахаас сэргийлэхийн тулд олон мянган зэвсэглэсэн цагдаа парламентын байрыг хамгаалж, ойр орчмын гудамж замуудыг хаажээ.

Өдрийн цайны цагаар бага хэмжээний мөргөлдөөн гарахад хэдэн арван тэмцэгчийг баривчилж, цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч сумаар буудсан байна. Маргааш буюу Пүрэв гарагт Бээжин хотод Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Хонг Конгийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийг батлах төлөвтэй байгаа нь өнөөдрийн тэмцлийг эхлүүлэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Хэрвээ энэ хууль батлагдвал Хонг Конгийг таслан тусгаарлах аливаа оролдлогыг Хятадын эх газраас цэргийн хүчээр таслан зогсоох боломжтой болно. Харин Хонг Конгийн эрх баригчид энэ хууль хэрэгжсэнээр тус хотын бие даасан байдал, эрх чөлөө алдагдахгүй гэж амлаж байгаа.

Хонг Конг хот өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөр харуул хамгаалалтанд ороод байгааг иргэд сошиал сүлжээнд мэдээлж байна.  

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Бээжингийн эрх баригчид хуулийг баталбал Хятад улсын эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин тус улсын арми зэвсэгт мөргөлдөөнд дээд зэргийн бэлтгэлтэй байх ёстойг Бээжинд үргэлжилж буй их хурлын чуулганы үеэр анхааруулсан байна.

Өнгөрсөн Даваа гарагт бас Хонг Конг хотод байрладаг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 10,000 орчим бие бүрэлдэхүүнтэй гарнизоны командлагч улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү коронавирусийн цар тахлын улмаас завсарлаад байсан үймээн самуун дахин идэвхжиж эхэллээ.

 

Эх сурвалж: The Guardian