Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 халдвар авсан хүнд хумхаагийн эсрэг эмийг хэрэглэх нь нас баралтын эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ДЭМБ-аас хийж буй эмнэл зүйн туршилтын талаар мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ “ДЭМБ болон түншлэгч байгууллагууд хамтран эв нэгдлийн туршилт хэмээх дэлхийн олон улс, орныг хамруулсан олон улсын эмнэл зүйн туршилтыг эхлүүлээд байгаа юм.

Энэ туршилтын гол зорилго нь COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй эмчилгээг олоход туслах явдал бөгөөд одоогоор дэлхийн 100 гаруй улс, орон туршилтад хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

Тэдгээрээс халдвар ихээр тархсан 30 гаруй улс, орны 400 гаруй эмнэлэг туршилтад идэвхтэй оролцож буй юм.

Уг туршилтаар:

  • Remdesivir (дэлхийн улс, орнууд COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг үйлчилгээтэй эм
  • Lopinavir, Ritonavir зэрэг (ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг вирусийн эсрэг үйлчилгээтэй эмүүд)
  • Hydroxychloroquine, Chloroquine зэрэг (Хумхаа өвчний эмчилгээний эмүүд) гэсэн эмүүдийг COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд хэрэглэж байна.

Дээрх эмүүдийг вирусийн өвчлөлийг удаашруулах эсвэл нас баралтыг бууруулах эсэхийг илрүүлэх зорилготой судалж байгаа юм.

Тэгвэл ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хумхаагийн эсрэг эмчилгээний эмүүд болох Hydroxychloroquine, Chloroquine эмийн туршилтыг түр зогсоох болсон талаар мэдээлжээ.

Учир нь уг эмийг COVID-19 халдвараар өвчилсөн өвчтөнд хэрэглэхэд нас баралтын эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэх судалгааны үр дүнг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нэгэн сэтгүүлд нийтэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор дээрх хоёр эмийн туршилтыг зогсоон, хөндлөнгийн экспертүүдээр тухайн эмүүдийн аюулгүй байдлыг дахин судлуулж, дүгнэлт гаргуулах шаардлагатай хэмээн мэдээлжээ" гэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/544874346419332/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.