Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаажуулалтыг тасралтгүй байлгаж, хамралтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ-аас анхааруулсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллийг танилцуулав.

О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д гурван хувиар, Бразилд зургаан хувиар, АНУ-д 1.5 хувиар нэмэгджээ.

Нас баралт Итали, Их Британи улсад өндөр байна.

Харин Ази Номхон далайн бүс нь дэлхийн хүн амын 3.2-г эзэлдэг ч бусад бүстэй харьцуулахад өвчлөл, нас баралтын тоо нь бага байна.

Халдварын дэгдэлтийн эхэн үед Хубэй мужаас гадна хүн амын дунд халдвар тархсан өөр улс, орон тус бүсэд байхгүй байсан юм.

Манай улс багтдаг Номхон далайн баруун бүсэд өвчлөл хамгийн бага үзүүлэлттэй байна.

БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур, Шинэ Зеланд, Япон  улсад эхний болон хоёр дахь давлагааны дараа халдварын тохиолдол буурах хандлагатай буй.

Түүнчлэн Фижи, Лаос зэрэг улсад 30 хоногийн турш шинээр халдвар илрээгүй байгаа бол Вьетнам улсад 34 хоногийн турш шинэ халдвар бүртгэгдээгүй.

Номхон далайн баруун бүсээс Монгол, Камбож, Лаос, Фижи гэх мэт таван улсад халдвар эхний шатандаа байгаа ч дотоодод нь халдварын голомт гараагүй улс, орон нь Монгол байна.

Энэ нь Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ сэргэж байгаа халдвар болон болзошгүй гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах бүсийн стратегийн хүрээнд өнгөрсөн 10 жил хэрэгжүүлсэн бэлэн байдлын тогтолцоогоо бүрдүүлж буйтай холбоотой.

Манай улсын хувьд SARS, H1N1 зэрэг тахлын туршлагад үндэслэн цоо шинэ тандалтын болон шуурхай удирдлагын тогтолцоо, эрсдлийн үнэлгээг нэвтрүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж чадсан.

Энэ долоо хоногт дэлхийн эрүүл мэндийн сайд нарын хуралд COVID-19-ийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх туршлагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илтгэхээр уригдсан" гэв.

"Хязгаарлалтын дэглэмийг хурдан сулруулах нь халдвар дахин дэгдэх эрсдлийг бий болгож байна"

Үргэлжлүүлэн "Бүсийн орнуудын туршлагаас харахад, хязгаарлалтын дэглэмийг хэт хурдан сулруулах нь халдвар дахин дэгдэх эрсдлийг бий болгож байна.

Хөл, хорио хязгаарлалтыг сулруулсан ч тохиолдлын илрүүлэх, тусгаарлах, хянах арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлсээр байх хэрэгтэй.

Түүнээс гадна дэлхийн улс, орнуудын эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн бусад тусламжийн үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалтын ажиллагааг сайжруулах нь чухал.

Вакцинжуулалтын хамралт бага байгаа үед халдварт саа, улаанбурхан зэрэг халдварт өвчин импортлогдон орж ирж, дэгдэлт үүсэх аюултай тул дархлаажуулалтын тасралтгүй байдлыг хангаж, вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулж байна" гэдгийг нэмж хэллээ.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/267401067643915/?v=267401067643915

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.