Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид олон жилийн дараа цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх талаар хэлэлцжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 1992 оноос хойш зогсоод байсан цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх талаар хэлэлцэж буйг Вашингтон Пост сонин Баасан гарагт мэдээлжээ.

Ингэвэл АНУ-ын батлан хамгаалах бодлогод томоохон өөрчлөлт гарч, дэлхийн цөмийн зэвсэгтэй бусад орнуудын идэвхийг сэргээж болзошгүй юм.

Ийм яриа хэлэлцүүлэг тавдугаар сарын 15-ны өдөр болсныг Цагаан ордны нэрээ нууцалсан гурван эх сурвалж баталжээ.

Өмнө нь Трампын засаг захиргааны албаны хүн Орос, Хятад улсууд өөр өөрийн цөмийн зэвсгийн бага хэмжээний туршилтыг зохион байгуулж байгаа тухай ямар нэг баримтгүйгээр мэдэгдэж байсан юм. Москва, Бээжингийн зүгээс уг мэдэгдлийг няцааж байв. 

Цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх нь Орос, Хятад улсуудтай гурван талт гэрээ байгуулахад шахалт болох зорилготойг Цагаан ордны эх сурвалж тайлбарлажээ.

Хэлэлцүүлэг нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй өндөрлөсөн байна.

“Туршилтаа сэргээвэл дэлхий дахинд цөмийн зэвсгийн шинэ өрсөлдөөн эхлэх шалтаг болно” гэж Arms Control Association байгууллагын захирал Дэрил Кимбал хэвлэлд мэдэгджээ.

Мөн Умард Солонгосын цөмийн зэвсгийн яриа хэлэлцээрийг зогсоох аюултайг тэр анхааруулсан байна.

2017 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан ICAN (International Campaign to Abolish Nuclear Weapons) байгууллагын тэргүүн Биатрис Фин цөмийн зэвсгийн туршилтыг сэргээх нь “шинэ Хүйтэн дайны эхлэл болох” аюултайг анхааруулжээ.

Дональд Трамп ерөнхийлөгч болсон цагаасаа хойш АНУ-ыг зэвсгийн хяналтын олон улсын гурван гэрээнээс гаргаад байна. 

Хамгийн сүүлд ОХУ-тай байгуулсан Open Skies Treaty гэрээнээс гарах болсноо зарласан юм.

18 жилийн өмнө байгуулсан энэ гэрээний дагуу талууд жил бүр харилцан нэгнийхээ нутаг дэвсгэр дээгүүр тагнуулын нислэг зохион байгуулахыг зөвшөөрдөг. Ингэснээр харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, болзошгүй дайнаас сэргийлэх зорилготой юм.

Европын холбоотнууд нь энэхүү гэрээнээс гарах шийдвэрээ эргэж харахыг Трампын засаг захиргаанд уриалаад байна.

 

Эх сурвалж: AFP