Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

н.Алтанхундага: Монгол Улсад коронавирусийн халдвар орж ирэх эрсдэл бий юу гэдгийг сайн шалгаж өгөхийг хүсэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас Алтанбулагийн хилээр орж ирсэн иргэд, тээвэрлэлтийн явцад халдвар авсан байж болзошгүй гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ.

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өгч, уг мэдээллийг няцаасан юм.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас ирсэн иргэн н.Алтанхундага өөрийн фэйсбүүкээр дамжуулж, мэдээлэл хийлээ.

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс иргэн н.Алтанхундагын тайлбарыг хүргэж байна.

н.Алтанхундага хэлэхдээ “Би ОХУ-ын Санкт-Петербург хотод уламжлалт анагаах ухааны эмчээр ажиллаж байсан.

Гуравдугаар сарын 28-ны өдрөөс хойш манай ажил карантилсан. Түүнээс хойш би гэрээсээ гаралгүй, хөл хорионд байж байгаад дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Новосибирскээр дамжиж, гэр бүлийн гишүүд зэрэг 6 хүний хамтаар Улаан-Үд хотод очсон.

Очоод бид 14 хоногийн турш хаашаа ч гараагүй хөл хорионд байсан бөгөөд тавдугаар сарын 2-нд биднээс авсан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй.

Дараа нь Улаан-Үдийн Консулын газраас улсынхаа хилээр нэвтрэхийн тулд сүүлийн 2-3 хоногт шинээр хийлгэсэн шинжилгээтэй байх ёстой тухай зарласан.

Ингээд тавдугаар сарын 8-ны өдөр шинжилгээ өгч, огтхон ч гадагшаа дахиж гараагүй байж байгаад шинжилгээнийхээ хариуг авсан юм.

Би наашаа ирэхдээ гэр бүлийн гишүүдийн хамт өөрсдийн оёсон хамгаалалтын хувцас болон нэг удаагийн амны хаалт, бээлий зэргийг өмсөөд хил нэвтэрсэн.

Би эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан хүний хувьд, өөрийн хэмжээнд халдвараас сэргийлэхийн тулд сэрэмжилж байсан.

Мөн би Эрхүүд байхдаа өвчтэй хүн эмчлээгүй. Харин Санкт-Петербургт байхад 20 орчим хүүхдэд толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байсан ч би тэдний нэгтэй ч уулзаагүй, тэднээс халдвар аваагүй.

Бид хэн нэгнийг буруутгах гээгүй. Ердөө л Монгол Улсад халдвар орж ирэх эрсдэл байгаа юу гэдгийг л дахин сайн шалгаж өгөхийг хүсэж, шаардаж байна" гэв.

Үргэлжлүүлэн "Биднийг хилээр 20,20-оор нь нэвтрүүлж байсан ч дараа нь яг тэр 20,20-оор нь байлгаагүй бөгөөд аяны майханд 40, 40 болгон нэг дор суулгачихсан.

Дараа нь хоёр вагонд хувааж суулгасан бөгөөд эхний вагонд нэг дор суусан 60-70 хүн 15 цагийн турш битүү орчинд, түгжээтэй нөхцөлд байсан. Хоёр дахь вагонд суусан хүмүүс ч зургаа орчим цаг мөн тийм байдалтай байсан болов уу.

Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэм буюу бие, биеэсээ зай барих, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлэх зэрэг дэглэм тэнд огт хэрэгжээгүй.

Вагоноос буусны дараа нь нэг автобусанд 50 хүн, фургонд 15 хүнийг суулгасан. Фургонд суусан хүмүүс “Бид нар багтахгүй байна” гэж хэлэхэд ч тоогоогүй.

Ингээд маргааш нь биднээс шинжилгээ авахад эхний вагонд сууж ирсэн 60 гаруй хүний 37-оос нь халдвар илэрчихсэн.

Би надад халдвар өгчихлөө гэж эмзэглэж байгаа хэрэг биш. Эрүүл мэндийн салбарынхандаа бид бүгд баярлаж байгаа.

Хамгийн гол нь бид ийм эрсдэлтэй нөхцөлд санаа нэгдэж зүтгэх ёстой.

Над шиг тэгж хамгаалж ирсэн хүн халдвар авчихаад байхад зүгээр л амны хаалт, бээлийнээс хэтрээгүй хамгаалалттай байсан оюутнууд халдвар авсан байх нь аргагүй.

Тухайн үед яагаад шинжилгээ өгөөгүй хүмүүстэй, шинжилгээ өгсөн хүмүүсийг хольж тээвэрлэсэн бэ.

Бид хилээр иргэдээ оруулж ирэх үед тавих халдвар хамгааллын дэглэмээ эргэж нэг харахгүй бол онгорхой цоорхой зүйл их байгаа гэдгийг л би сануулах гэсэн юм.

Холбогдох олон байгууллагад энэ талаар албан журмаар хэлэхийг хүссэн ч одоо хүртэл хариу өгөөгүй.

Хувь хүнийхээ нэрийг бодоод чимээгүй эмчлүүлээд өнгөрч болох байсан ч иргэдийнхээ төлөө ийм эрсдлийг дуугүй өнгөрөөж болохгүй гэж үзээд сануулахыг тулд ингэж зарлалаа.

Тухайн үеийн тээвэрлэлтийн бичлэг, зургийг өөрийн фэйсбүүк хуудастаа тавих болно" хэмээн хэлэв.

Видео:

https://www.facebook.com/n.hundaga/videos/2320678784901444/UzpfSTEwMDAwODc4MDM1MTI0MDoyMzIwNjg5MzU4MjMzNzIw/?epa=SEARCH_BOX