Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Намуун: 11 банканд ойролцоогоор 52 мянган зээлдэгч ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 5 сарын 21
iKon.MN
 

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуунтай ярилцлаа.

- Монголбанк ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхээр болсон талаар та мэдээлэл өгнө үү. 

- Коронавируст халдвар /COVID-19/ дэлхий нийтээр хурдацтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд манай улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс Улсын Их Хурлаас холбогдох хууль, тогтоомжийг гарган орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг Монголбанканд үүрэг болгосон. Улмаар Монголбанкны зүгээс тус хөтөлбөрт өмнө олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр боллоо.

- Шинээр хэрэгжих ипотекийн зээлийн хөтөлбөр хэзээ хүртэл хэрэгжих,  мөн хэдий хэмжээний санхүүжилт олгох вэ? 

- Шинээр хэрэгжих ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2020 он дуустал санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Монголбанкны олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс 120 тэрбум төгрөг, мөн банкууд өөрийн эх үүсвэрээс 120 тэрбум төгрөг буюу нийт 240 тэрбум төгрөгөөр хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

- Ипотекийн зээлийн шалгуурт өөрчлөлт орсон уу?

- Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор зарим өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

  •  Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  •  Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  •  Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
  •  Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  •  Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгосон.

- Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа талаар иргэдээс асуултууд ирж байна. Зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчид зээлийн 2 нэгж хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор болсон. Энэ талаар хүсэлт гаргахаас өмнө мэдээлсэн бол зээлээ хойшлуулахгүй байсан гэсэн гомдолтой иргэд байна. Гэтэл нөгөө талаар зээлээ хойшлуулсан бол зургаан сарын хугацаанд төлсөн мөнгө маань үндсэн зээлээс хасагдах байж. Энэ талаар эрт мэдээлсэн бол боломжийг ашиглах байсан гэсэн хүмүүс ч байна. Үүнд дээр ямар тайлбар өгөх вэ?

- Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаагаас эдийн засгийн дарамтад орохоос сэргийлэх үүднээс ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах шийдвэрийг анх Засгийн газраас гаргасан. Орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон иргэд зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу тавдугаар сарын 1-н хүртэл хүсэлт гаргасан иргэдийн зээлийг шийдвэрлэж байна. Хүсэлт гаргаагүй иргэдийг мөн эдийн засгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж нийт жилийн нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцахаар болсон. Энэ нь тухайн иргэн зээлээ хэдий хугацаанд төлж байгаатай холбоотойгоор ялгаатай дүн гарах тул иргэд янз бүрийн байр суурьтай байх шиг байна. 

Харин зээлээ хойшлуулах хүсэлт гаргачихаад төлсөн бол ашигтай байжээ хэмээн гомдоллож байгаа тухайд иргэд хэрэв орлого нь буураагүй, өрхийн санхүүгийн хувьд хэвийн байгаа бол зээлээ аль болох хугацаандаа төлөөд явах нь л хамгийн ашигтай. Энэ арга хэмжээ нь анхнаасаа хүндрэлийг даван туулахад чиглэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

- Мөн банкууд зээлдэгчидтэй бүрэн холбогдож, мэдээлэл өгөөгүй гэсэн гомдол ирсэн. Энэ тал дээр хяналт тавьж ажилласан уу?

- Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хойшлуулах талаар Засгийн газар, Монголбанк, банкууд өөрсдийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэсэн. Зээлийн хугацаа хойшлуулах хүсэлтийг иргэдэд хүндрэл багатайгаар шийдвэрлэх зорилгоор банкууд хүсэлтийг цахимаар авч, гэрээний өөрчлөлтийг шуурхай шийдвэрлэж байна.

- Хамтран зээлдэгч байхгүй бол хүсэлтийг хүлээн авахгүй хэмээн буцсан иргэд мөн байна. Энэ талаар банкуудад ийм заалт бүхий үүрэг өгсөн байсан уу?

- Банкууд зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа Монголбанкнаас зорилтот бүлгийн зээлдэгч болон зээлээр худалдан авч буй орон сууцанд тавьсан шалгуур дээр үндэслэн өөрсдийн дотоод журам, зааврыг мөрдөн ажилладаг. Монголбанкны зүгээс банкуудын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хориотой тул зээлдэгчид тавих шаардлага болон худалдан авах орон сууцны нийтлэг шаардлагыг журмаар зохицуулж, тус заалтыг хангасан эсэхийг шалгах эрхтэй.

- Банк болгон ялгаатай ажилласан байна. Банкны зарим эдийн засагч өөрсдөө гүйцэд мэдээлэлгүйгээс иргэд хохирсон тохиолдол байна. Тухайлбал, банканд очиж хүсэлт гаргасан иргэнд эргэж хариу мэдэгдээгүй тул дөрөвдүгээр сарын 30-нд өөрөө эргэж холбогдоход нь та зээл хойшлуулах нөхцөлд хамрагдах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Энэ мэтээр хохирсон иргэдэд ямар нэгэн боломж олгох уу? 

- Дээр дурдсанчлан ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийг мөн санхүүгийн хүндрэлд орохоос урьдчилан сэргийлж нийт жилийн нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах юм.

- Ипотекийн зээлийн төлөлт хойшлуулах арга хэмжээнд нийт хэчнээн хүн хамрагдсан бэ. Тоо судалгаа гарсан болов уу?

- Хөтөлбөрт оролцогч 11 банканд ойролцоогоор 52 мянган зээлдэгч ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан байна. 



Монголбанкны 2020 оны 3-р дугаар сарын байдлаар 97,136 зээлдэгч нийт 4,640.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 72,209 зээлдэгч 3,426.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.