Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс Британийн банканд хадгалуулсан алтаа авахаар шүүхэд ханджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Венесуэль улсын төв банк Их Британийн Bank of England банканд хадгалуулсан алтаа авахын тулд шүүхэд гомдол гаргажээ.

Тус улсын 930 сая еврогийн үнэ хүрэх алтны нөөц одоо энэ банканд хадгалагдаж байгаа ч АНУ тэргүүтэй улсуудын тавьсан эдийн засгийн хоригийн улмаас авах боломжгүй болоод байгаа юм.

Алтны нөөцөө коронавирусийн цар тахалтай тэмцэх үйлсэд ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа Венесуэлийн төв банк мэдэгджээ.

Ингэхдээ алтыг Венесуэль руу шилжүүлэхгүй, шууд НҮБ рүү шилжүүлж, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хангамж, хүнс худалдан авахад зарцуулах хүсэлт гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар Венесуэль улсад коронавирусийн халдварын 618 тохиолдол бүртгэгдэж, 10 өвчтөн нас бараад байгаа юм.

Цар тахлаас гадна тус улсад нүүрлэсэн хэт инфляци, эдийн засгийн гүн хямралын улмаас олон сая венесуэльчууд гадаад орнууд руу дүрвээд байна.

Нөөцийн алтаа зарж борлуулан ашиглах нь Николас Мадурогийн засгийн газрын хувьд чухал “амь тариа” болох юм.

Венесуэлийн төв банк гомдлоо тавдугаар сарын 14-ний өдөр Лондон хотын шүүхэд гаргажээ.

Bank of England нь дэлхийн хэд хэдэн хөгжиж буй орны алтыг хадгалдах үүрэг гүйцэтгэдэг юм.

 

Эх сурвалж: BBC