Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоод гадаадын зах зээлд хоргүй, аюулгүй мах нийлүүлэлт нь бодлогын асуудал

ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд эрүүл буюу хоргүй, аюулгүй махыг бэлтгэх, нийлүүлэхтэй хамаарал бүхий субьектүүд нь анхаарч мөрдөж гүйцэтгэх шаардлагатай хүнсэндээ мах хэрэглэгч хүн төрөлхтөнд  нийтлэг үйлчилдэг хууль, зарчим, ажил, үйлчилгээний талаар бидний цөөхөн судлаач, мэргэжилтэн нар уйгагүй бичиж, ярьж байгаа ч манай улсын төр, засаг, хүнс-махны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллагууд, амьтны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, мал, амьтан эзэмшигч, малчин, фермерүүдийн баримталж, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээ нь хортой, аюултай махыг л  бий болгоход илүүтэй ач холбогдол өгсөөр явж байна. Үнэхээр ойлгохгүй учраас уу, мэдэж байгаа ч зориудаар уу гэдгийг нь ялгаж салгахад төвөгтэй л байна.

Хоргүй, аюулгүй махтай холбоотой асуудал хөндөхөөр л Хятад, Орос мэт махны асуудлаар харилцагч цөөхөн улс оронд экспортлох цөөн тонн мах, түүнийг нь бэлтгэдэг “мах боловсруулах үйлдвэрүүд” хэмээх хэдэн  нядалгаа, ярганы газар, агуулах, хиам, консервны цех тийш хадуураад явчихдаг,  яг тэрхүү махыг нь бэлтгэхэд хамгийн гол үүрэгтэй мал, амьтан эзэмшигч буюу малчид, фермерүүд,  орон нутгийн удирдлага, амьтны эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч  байгууллага, мэргэжилтэн  нараас нь холдуулж хөндийрүүлэх, зайлшгүй холбогдох субьектүүдийг нь оролцуулахгүйгээр буруу тийш нь мушгиж өөрсөддөө үр ашгийг нь наах гэж оролддог, тэр бодлого, зорилго нь үр дүнд хүрэхгүй бүтэлгүйтсээр, түүнийхээ учир шалтгааныг олж харах “билгийн нүд нь сохорсон”   хорчин - улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн нь  Монгол улс, мал сүргийн эзэн – малчид, фермерүүд, амьтны эрүүл мэндийн  салбарыг хангалттай урт хугацаанд хорлож, хохироосоор л явж байна даа.

Тэдний үйлдэл нь яг л “улай үзсэн хэрээ мэт”. Хаана л махны асуудал хөндөгдөнө, тэндээс юу олж долоох вэ, түүнийг нь далимдуулж хаанаас нь хэдэн төгрөг  хулуух вэ л гэсэн бодол байнга тээгээстэй. Махтай холбоотой гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, мөнгө, хөрөнгө, төсвийн сураг сонсогдвол түүнийг угтан тосож уулзалт, семинар, лобби хийх тал дээр гаргууд мэргэшчихсэн. Яг л олон уулын цаанаас хэдэн арав, зуун километрийн холоос улай гарсанг олж чаддаг гэлцдэг тас шувуу мэт байнгын харуулдаастай. Эрүүл, аюулгүй, хоргүй мах бэлтгэж нийлүүлэн, байнгын тогтвортой, хэр тааруу хэмжээний орлого, ашигтай байх нь тэдэнд чухал бус, “мах л бол мах” гэдэг үзлээр хандаж махны асуудал хөндөгдөх тухай бүрт нь  би, бид тэнд чинь байх ёстой шүү гэсэн үзлээр хандаж, алив бүхнээс нь хоцролгүй, “заавал ашиг гарган”  олж хүртээд явж байх нь гол зорилго нь бололтой байдаг. Уг нь зөв бодлоготой, зөв тогтолцоо бий болгоод авчихвал махны асуудалд оролцогч субьектүүдэд бүгдэд нь л тустай  байхсан. Энэ тогтолцоог бүрдүүлэхэд хүн ойлгож ядаад байх юмгүй л дээ, уг нь. Бидний даган дуурайх дуртай өндөр хөгжилтэй Европ, Америкийн орнууд мэтэд нь аль хэдийн бий болгочихсон стандарт шаардлагуудаас хуулбарлаад, авахыг нь аваад, хэт өндөр дааж давшгүйг нь орхиод, үндэснийхээ болон харилцагч орнуудынхаа чадавхи, шаардлагын хэмжээ, түвшинд нийцүүлээд нутагшуулчих бэлээхэн загварууд байж байгаа юм шүү дээ. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ, хэрэглээ болж, алхам тутамдаа ашиглаж  байдаг ч бид түүнийгээ  олж харахгүй, харахыг ч хүсдэггүй, цөөхөн “тэнгэрийн амьтад”-д л хамаатай гэж ойлгодог шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүд, практик хэрэглээнүүд нь ч Монголчууд “хэзээ намайг олж харж, ашиглах бол” гээд бэлээхэн хэвтэж л байгаа юм.  Энэ бүхнийг үл ойшоон махны эргэн тойронд манай улсын үе үеийн удирдагчдын гаргадаг нэг тэнэгдүү хандлага нь зөвхөн экспортын асуудал хөндөгдөх үед л махны эрүүл, аюулгүй байдлыг санагалздаг. Монгол хүн эрүүл, хоргүй, аюулгүй мах хэрэглэх нь тэдэнд огт хамаагүй бололтой байдаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл ялангуяа хот, суурин газарт амьдардаг Монголчууд гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсний аюулгүй байдлын анхан шатны ч шаардлагуудыг хангадаггүй нөхцөлд нядалж, тээвэрлэж, хадгалдаг, химийн эм, бодисын үлдэгдэлтэй, антибиотикийн хольцтой, вакцины амьд хоруу омгууд, хор, хадгалааслагчийн агууламжтай, генийн өөрчлөлттэй мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж, эрүүл мэндээ сүйтгэсээр л явцгааж байна. Энэ талаар дуугардаг цөөн мэргэжилтэн, судлаач нараа хууль хяналтын байгууллагаараа дарамтлуулчихаад, махыг хордуулж, аюулжуулдаг “бүрэлдэхүүн хэсэг”-үүдээр нь төр, засаг, бизнес, рекет, зарим мэргэжлийн салбарынхан нь хамтарсан наймаа бизнес цэцэглүүлсээр байж байна. Манай улсын ард иргэдийн үнэмлэхүй  олонхи нь махны хэрэглээ, олдоц  багатай зарим ядуувтар үндэстнүүдийн хэлдэгчлэн “цустай, улаан өнгөтэй  л байвал мах мөн” гэдэг хандлагаар хандаж,  идэж буй махан дотор нь ямар хор, аюул нуугдаж аажимдаа өөрсдийнх нь эрүүл мэндийг дотроос нь мэрж сүйтгэж байгааг огтхон ч олж харахгүй гэлдэрсээр л явцгааж байна. Энэ байдлыг нь хэлж өгсөн мэргэжилтэн нарыгаа хорлон сүйтгэгчидтэй хавсаадан харин ч хажиглах маягтай.

Монгол хүний эрүүл мэнд нь сүүлийн цөөхөн арваны дотор хэрхэн доройтон, сүйрч байгаа талаар үндэслэлтэй судалгаа байхгүй гэж бодож байна. Хэрэв байсансан бол 1990 оноос хойшхи Монгол хүний эрүүл мэндийн сүйрлийн нэгэн гол шалтгаан нь мах, махан бүтээгдэхүүнд агуулагдаж буй дээр дурдсан бүх хор, үлдэц, халдвар гэдэг нь маргах аргагүйгээр нотлогдох байсан. Ер нь хүн төрөлхтний эрүүл мэндэд тулгарч буй асуудлуудын үндсэн хоёр гол шалтгааны нэг нь аюултай, хортой хүнс гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Иймээс л хоргүй, аюулгүй мах нийлүүлэлтийн талаарх бодлогоо тодорхойлж цэгцэлж авах зайлшгүй шаардлага байсаар байна. Энэ нь улс орны эдийн засагт ч, мэргэжлийн салбарын зөв хөгжилд ч, хүн амын хүнсний аюулгүй байдалд ч, нийгмийн эрүүл мэндэд ч, амьтны тавлаг амар амгалан байдалд ч үлэмж тустай байх нь эргэлзээгүй юм.

Нэгэн зүйл. Хортой, аюултай мах ба гарал үүсэл. Гарал үүсэл гэдэгт махны үйлдвэр- амьтан ба түүний амьдарч, идээшлэж байсан бэлчээр нутаг хоёрыг аль алиныг нь хамаатуулж ойлгох хэрэгтэй. Анзаарч байхад махыг аль нутгаас бэлтгэсэнг нь ачааны машины замын маршрутаар нь гаргачихаар бүхнийг шийдчихдэг юм шиг ойлголттой этгээдүүд нилээд олшрох төлөвтэй байна. Энэ бол бага зэрэг дэвшил мөн боловч бүхний шийдэл биш. Хоргүй, аюулгүй мах бэлтгэх хамгийн гол эх үүсвэр нь махны амьд үйлдвэр – амьтан юм. Ямар зүйлийн, ямархуу эрүүл мэндтэй амьтнаас бэлтгэсэн мах таны ширээн дээр, аяган дотор байна вэ гэдгийг тухайн амьтан буюу бүл, сүргийнх нь сүүлийн сар, жилүүдийн эрүүл мэндийн статус, эрүүл мэндийн үйлчилгээ, хяналтанд тогтвортой  хамрагдсан байдлын талаарх эргэлзээ мадаггүй, эрх бүхий этгээд, субьектын баталгаажуулсан эрүүл мэндийн дэвтрийн бүртгэл хөтлөлт, мэдрэхүйн эрхтний үзлэг, амьтан эзэмшигчийн анамнез, итгэлтэй лабораторийн  шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн найдвартай хэлж өгч чадаж л байвал тэр нь хоргүй бөгөөд аюулгүйг нь батлахад нилээд  дөхөм болно. Идэж буй махан дотор чинь ямар хор, аюул нуугдаж байгаа талаар огтхон ч бодохгүйгээр, тэр талаар юу ч асуухгүйгээр хүн та зооглож байгаа нь өнөөдрийн Монголын хүнсний аюулгүй байдлын эмгэнэлт дүр төрхийн нэгэн тод жишээ нь болоод байна шүү дээ. Тиймээс хор, халдварын аюул  тээгч бус, эрүүл  амьтнаас л эрүүл хоргүй, аюулгүй мах үйлдвэрлэж чадна гэдгийг ухаарах ёстой. Махны гарал үүсэл шаардахын хамгийн гол ач холбогдол нь энд байгаа юм шүү. Аль нутгаас ирснийг тогтоох нь хоёр дахь ач холбогдолтой асуудал.

Нэгэн зүйл. Хортой, аюултай мах ба химийн гаралтай эм, антибиотикийн үлдэгдэл хадгалагдах хугацаа. Химийн гаралтай хортой эм, антибиотикийг мал, амьтандаа зайлшгүй шаардлагаар амьтны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлөөр хэрэглэсэн тохиолдолд нийтийн хүнсний зориулалтаар махыг нь худалдахыг баримжаагаар арван дөрөв хоногоос нэг сар хориглох заалттай байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг мал амьтан эзэмшигч, малчин, фермерүүд нь бизнесийн ба амьтны эрүүл мэндийн үйлчилгээнийхээ сар, жилийн төлөвлөгөөнд заавал тусгах шаардлагатай. Ингэсэн тохиолдолд л химийн хоргүй, антибиотикийн үлдэгдэлгүй мах нийлүүлэх боломж бүрдэхэд дөхөмтэй болно. Энэ талаарх ойлголтгүй буюу хортой эм бэлдмэл хэрэглэснээ нууцалсаар байвал махаар дамжуулан үйлдэх хүний эрүүл мэндийн эсрэг хорлон сүйтгэл, гэмт хэрэг нь үргэлжилсээр л байх болно.

Нэгэн зүйл. Хортой, аюултай мах болон амьд, идэвхгүйжүүлсэн вакцины илюминацийн ба экзотоксин, эндотоксин, идэвхгүйжүүлэгч, хадгалааслагчийн саармагжих хугацаа. Шинжлэх ухааны мал эмнэлэгтэй болсон гэх өнгөрсөн 90 гаруй жилийн турш энэ талаар хөндсөн нь бага юм билээ. Тухайн зүйл амьтанд зориулж вирус, микоплазм, бактери, мөөгөнцөр гэх мэт бичил биетний хоруу чанарыг нь сулруулсан ба хоруу чанаргүй болгосон омгууд ашиглаж үйлдвэрлэсэн  вакцинуудын илюминацийн хугацаа болон идэвхгүйжүүлсэн бичил биетнүүдийн гаралтай эндотоксин, экзотоксин ба формальдегид, фенол, бинариэтиленэмин гэх мэт идэвхгүйжүүлэгч, хадгалааслагч бүхий вакцинуудын агууламжууд  нь эзэн амьтны дархлааны тогтолцоогоор саармагжих хугацааг хүн амын хүнсэнд бүтээгдэхүүнийг нь хэрэглэх амьтанг вакцинжуулсныхаа дараа заавал тооцох ёстой. Одоо бол Монголын амьтны сүрэгт хэрэглэж буй вакцинуудын илюминаци ба хорны саармагжилтын талаар бодож буй субьект, бодгаль нэг ч үгүй. Энэ нь хор, халдварын аюултай махны нэгэн гол эх үүсвэр болсоор л байгаа юм. Амьтны эрүүл мэндийн бодлого тодорхойлогчид нь ч, үйлчилгээ үзүүлэгчид нь ч энэ талаар ямар ч ойлголтгүйгээр гадаад, дотоодын “вакцин – биологийн зэвсэг”-ээр  эрүүл, экологийн цэвэр мал сүргээ “бөмбөгдсөөр”, мах-хүнсийг аюултай болгосоор, нийтийн эрүүл мэнддээ хорлон сүйтгэл учруулсаар л явцгааж байна.  

Нэгэн зүйл. Махан бүтээгдэхүүн ба савлагаа, нөөшлөлтийн үүсгэх хор. Бүрэн боловсруулсан буюу шууд идэх зориулалттай нөөшилсөн, хиаман, лаазалсан, гялгар уутанд савласан махан бүтээгдэхүүнүүд дэх нэмсэн, шингэсэн, ууссан хорны асуудлыг илрүүлж гаргаж тавих зайлшгүй шаардлага байна. Дээдсүүд нь тэдгээрийг иддэггүй учраас тоодоггүй юм шиг байгаам. Хиам, нөөшлөл, вакуумжуулсан гялгар уутанд савласан махан бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зориулалттай, түүнчлэн өнгө засагч, үнэр, амт оруулагч химийн гаралтай нэмэлтүүд нь үйлдвэрлэгчийн ашгийг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулахын төлөө болохоос бус, хүний эрүүл мэндэд халтай үйлчлэлтэй юм шүү дээ.

Нэгэн зүйл. Хортой, аюултай мах ба нийтийн эрүүл мэндийн эсрэг дайсагнагчид буюу гэмт хэрэг үйлдэгчид. Мах бэлтгэх, нийлүүлэх тогтолцоонд ажиллаж буй бүхэн нь түүнийг хор, аюулын эрсдэлд оруулах ямар нэгэн алхам хийж л байвал тэр бол хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж л байна гэсэн үг. Тиймээс хүнсээр дамжуулан хорлон сүйтгэл үйлдсэн нь мөрдөлт, шалгалтын тогтолцооны хяналтаар нотлогдвол хүндэвтэр, хүнд хэлбэрийн ял шийтгэл оногдуулдаг хуультай байх хэрэгтэй. Ашиг л олох нь чухал болохоос,  хүний эрүүл мэндэд хорлон сүйтгэл учруулж буй талаараа огт боддоггүй мах бэлтгэх, нийлүүлэх тогтолцоо л Монголд амь бөхтэй оршиж байна шүү дээ. Баян малчин, фермер, мал, амьтан эзэмшигч нь ХААН биш, Хэрэглэгч нь ХААН гэдэг дэлхийд хүчин төгөлдөр үйлчилдэг сонгодог зарчимд нийцэж ажиллах ёстой. Хоргүй ба аюулгүйн баталгаагүй махыг хэрэглэгчдэд худалдан борлуулж буй нь бусдад хор-хоол өгч,  нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй явдал гэдгийг л нийгмийн бүх түвшиндээ ойлгодог болмоор байна.

Нэгэн зүйл. Хортой, аюултай мах ба хариуцлагагүй, эзэнгүй ченжийн оролцоо. Махыг бэлтгэх, нийлүүлэх тогтолцоонд наад зах нь заавал хүйтэн буюу сэрүүн хэлхээтэй (cold chain and cool chain) бөгөөд махыг хор, халдвар, бохирдол, чанарыг нь муутгаж  алдагдуулах зэрэг аюулын эрсдэлд оруулахгүй, хариуцлагатай, эзэнтэй оролцогчид л энэ чиглэлийн бизнесийг хийх ёстой. Эсвэл махны үйлдвэр-амьтанг амьдаар нь шууд эцсийн хэрэглэгчид худалдах бөгөөд тэр нь өөрийн гараар болон шаардлагыг нь хангасан нядалгааны газарт нядлуулж махыг нь бэлтгүүлэх боломжтой. Иймэрхүү байдлаар эзэнгүй, хариуцлагагүй ченжийн оролцоог манай улсын өнөөгийн мах бэлтгэх ханган нийлүүлэх тогтолцооноос шахан гаргах хэрэгтэй байна. Амьтан эзэмшигч ба тэдэнтэй гэрээт мах боловсруулах үйлдвэрээс шууд л дундын ямар нэгэн дамжлага, зуучлалгүйгээр  махны дэлгүүр буюу захаар дамжуулан махыг эцсийн хэрэглэгчийн гар дээр хүргэдэг тогтолцоог бий болгох шаардлагатай. Ингэсэн тохиолдолд махны аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилт нь дотоодын ч, гадаадын ч зах зээл дээр бас нэг алхамаар урагшилна. Ченжүүд буюу дундын зуучлагчид нь  махны гарал үүслийг төөрөгдүүлэхээс эхлэн  “мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр юу ч хийхээс буцахгүй болчихсон этгээдүүд л байдаг юм байна лээ шүү.

Энэ мэтчилэн мах бэлтгэх шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч ойлголтгүйгээр, мөнгө л олж байвал хүний ходоод руу ямар хор, аюул илгээж байгаа талаараа огтхон ч бодохгүй, мах бэлтгэн  нийлүүлэлтийг зүй тогтолтой бөгөөд наад зах нь хэдэн арван жил үргэлжлэх гэр бүлийн ч, компаний ч, улс орны ч амьдрал, хөгжилд чухал ач холбогдолтой бизнес болгох талаар эргэцүүлж төсөөлөхгүй, зөвхөн тохиолдлын шинжтэй амь аргацаасан худалдаа наймаа төдийхөнөөр харж байгаа нь манай улсын ард иргэдийн амьжиргаанд ч, мал аж ахуйн хөгжилд ч, байгаль экологийн сүйрэлд ч, улс орны эдийн засагт ч үнэхээр их хорлон сүйтгэлтэй байна. Нүүдэлчин мал аж ахуйн өнөө маргаашаа өнгөрөөсөн мал дагаж амь зуух сэтгэлгээнээс салж, богино ба урт хугацааны төлөвлөлттэй, зохион байгуулалттай, олон талт хамтын харилцаатай, харилцан үүрэг хүлээсэн гэрээтэй, хяналттай, эрсдлийн үнэлгээ тооцоололтой мал аж ахуй эрхлэлт буюу бизнесийн харилцаанд шилжүүлэх хамгийн гол хөшүүрэг нь мах бэлтгэн нийлүүлэлтийн зөв бодлогод оршиж байна. Өөрөөр хэлбэл, цогцоор нь бүрэн бүтнээр нь харж чадвал Монголыг өөрчлөх, хөгжил дэвшлийн шинэ шатанд гаргах нэг гарц нь урт хугацааны төлөвлөгөөтэй, бодлоготой махны бизнест байгаа юм шүү.

 

Цэдэвийн Өлзийтогтох