Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японы мэргэжлийн сүмо бөхчүүдээс анхны хүн коронавирусийн өвчлөлөөр нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

28 настай сүмо бөх Шобуши өнөөдөр Covid-19 өвчний улмаас эмнэлэгт нас барсныг Японы Сүмогийн Холбоо мэдээлжээ.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн тамирчдаас коронавирусийн халдвараар нас барсан анхны хүн болж байна.

Такадагава дэвжээнд харьяалагддаг Шобуши нь дээрээсээ дөрөв дэх зиндаа буюу санданмэд барилддаг байжээ. 

Шобуши дөрөвдүгээр сарын 8-нд эмнэлэгт хэвтэж, дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн бие нь муудсаар зарим дотор эрхтэн нь ажиллагаагүй болсны дараа амьсгал хураасан байна.

Такадагава дэвжээнд коронавирусийн халдвар тарж, дэвжээний эзнээс гадна таван бөх Covid-19 өвчнөөр өвчилсөн тухай Сүмогийн Холбоо өнгөрсөн сарын сүүлээр мэдээлж байжээ.

Японы Сүмогийн Холбоо цар тахлын улмаас энэ оны тавдугаар сарын тэмцээнийг цуцалж, долдугаар сард Нагояд болох тэмцээнийг Токиогийн Рёгоку Кокугикан ордонд шилжүүлж, үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэрийг саяхан гаргасан юм.

 

Эх сурвалж: Japan Times