Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Байлдааны бэлтгэлийн үеэр Ираны пуужин өөрийн хөлгийг оножээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Оманы буланд болсон байлдааны бэлтгэл сургуулилалтын үеэр харвасан пуужин нь байны ойролцоо байсан өөрийн хөлгийг оносон тухай Ираны төв телевиз мэдээлжээ.

Үүний улмаас доод тал нь нэг усан цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархдсан гэсэн мэдээлэл ирээд байна.

Нийслэл Тегеранаас зүүн өмнө зүгт 1,270 км зайтай Жаск боомтын ойролцоо тэнгисийн усанд уг осол болжээ.

Пуужинд оногдсон Конарак нэртэй хөлөг нь байнд хэтэрхий ойрхон байрлаж байснаас осол гарсан гэж Ираны телевиз тайлбарласан байна.

Конарак нь байлдааны сургуулилалтад зориулсан байнуудыг тэнгисийн усанд байрлуулах үүрэгтэй хөлөг ажээ.

Нидерландад үйлдвэрлэсэн 47 метр урт, 40 тонны даацтай Конарак хөлгийг Ираны армид 1988 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд 20 хүртэл тооны усан цэрэг тээвэрлэх багтаамжтай ажээ.

Иран улс сүүлийн үед дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувийг нэвтрүүлдэг Персийн булангийн Ормузын хоолойд тогтмол байлдааны бэлтгэл сургуулилалт явуулж байгаа. АНУ-ын тэнгисийн хүчний тавдугаар флот Персийн булангийн аюулгүй байдлыг сахиулахаар эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг юм.

 

Эх сурвалж: Associated Press