Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа Хятад, Өмнөд Солонгос, Германыг айлгаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвар зарим улс орнуудад буурах шинж ажиглагдаж байгаагаас хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

Гэвч ингэсэн улс орнуудад халдварын голомтууд шинээр илэрч эхэлсэн нь тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Тухайлбал Хятад улсад Ням гарагт халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн явдал байлаа. Тэдгээрийн 12 нь дотоодод дамжсан халдвар байсны 8 нь зүүн хойд Жилин мужид илэрсэн байна.

Хэдхэн өдрийн өмнө Хятад улс бүх муж, бүс нутгуудынхаа аюулын түвшнийг “бага” зэрэглэлд буулгаад байсан бол өчигдөр Жилин мужийн Шулан дүүргийн зэрэглэлийг буцааж “өндөр” болгожээ.

Коронавирусийн тахлыг дарж чадсан улс гэгддэг Өмнөд Солонгост Ням гарагт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүлийн шөнийн клубүүдээс гаралтай халдвар байв.

Бараг сар орчмын дараа тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо 30-аас дээш гарсан нь энэ юм.

Европ тив даяар олон улс хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

Баруун Европын орнуудаас цар тахалтай хамгийн сайн тэмцсэн улс гэгдэж байгаа Германд сүүлийн өдрүүдэд халдварын тоо эргэж нэмэгдэх хандлагатай болжээ.

Халдварт өвчин судлалын Роберт Кохын хүрээлэн тус улсад нэг халдвар тээгчээс дараагийн хүмүүст халдвар тараах харьцааг 1:1 болж өссөнийг Ням гарагт мэдэгдсэн байна.

Нэг халдвар тээгчийн бусдад тараах хэмжээ 1-ээс дээш гарвал тахлын эрч нэмэгдэж байна гэж үздэг.

Ням гарагийн байдлаар Герман улсын таван бүс нутагт халдварын харьцаа зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гараад байжээ. Ингэснээр эдгээр бүс нутгуудад хорио цээрийн дэглэмээ буцааж чангаруулах магадлалтай болж байна.

Ням гарагийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 4,064,491 хүрч, нас барагсдын тоо 280,912 хүрснийг Жон Хопкинсийн их сургуулийн тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Reuters, AFP