Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын тохиолдол дэлхий даяар 4 саяд, ОХУ-д 200 мянгад ойртлоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3,983,233 хүрч, дөрвөн саяын босгыг давахад ойртоод байна.

Нийтдээ 277,041 хүн Covid-19 өвчнөөр нас барж, 1,336,678 хүн эдгэрчээ.

Баруун Европт халдварын эрч буурсантай холбоотой хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлсэн бол Зүүн Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон улсуудад халдварын хоёр дахь давалгаа эхлэх аюул нүүрлэсэн хэвээр байна.

АНУ-д халдварын эрч саарахгүй байгаа ч зарим мужууд нь хорио цээрээ цуцалж, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. 

Сүүлийн өдрүүдэд вирусийн тархалт хамгийн хүчтэй байгаа улсуудад Орос, Бразил тооцогдож байна.

Бямба гарагт ОХУ-д 10,817 халдварын шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 198,676 хүрчээ. Сүүлийн долоон өдрийн турш өдөр бүр 10,000-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 1,827 болжээ.

Өнгөрч буй долоо хоногт ОХУ нь халдварын батлагдсан тоогоор Франц, Герман улсуудыг гүйцэж, дэлхийд тавдугаарт жагсах болсон юм.

Оросын хамгийн том алтны уурхайд халдвар тарж, 90 орчим хүн өвдсөн тухай Бямба гарагт ТАСС агентлаг мэдээлжээ.

Сибирийн Красноярск мужид оршдог Полюс компанийн Олимпиада уурхайн ажилчдын дундаас 89 хүн халдвар авсан байна. Тавдугаар сарын 7-ны өдөр Полюс компани тус уурхайд коронавирусийн халдвартай анхны хүн илэрснийг зарлаж байв.

Бразил улсад Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Бямба гарагт 10,000-ыг давжээ. Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нь 10,000-аас дээш гарсан дэлхийн 6 улс одоогоор байна. Нийт 148,670 халдварын батлагдсан тохиолдолтой Бразил улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд наймдугаарт бичигдэж байна.

Сүүлийн байдлаар хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны тоо баримтууд:

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

1,305,199

78,469

6%

2

Испани

222,857

26,299

12%

3

Итали

218,268

30,396

14%

4

Их Британи

216,525

31,662

15%

5

Орос

198,676

1,827

1%

6

Франц

176,782

26,313

15%

7

Герман

171,264

7,543

4%

8

Бразил

148,670

10,100

7%

9

Турк

137,115

3,689

3%

10

Иран

106,220

6,589

6%

Эх сурвалж: Reuters, AFP