Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Британи улс Нацистуудын сүүлчийн зурвасыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны ойн баярын өдрийг өргөн тэмдэглэдэг.  

Харин Германы эсрэг дайнд оролцсон өрнөдийн холбоотнууд тавдугаар сарын 8-ны өдрийг “VE day” (Victory in Europe) гэж нэрлэн тэмдэглэдэг уламжлалтай.

1940 онд Их Британийн тагнуулынхан Германы армийн харилцаа холбооны “BROWN” гэгддэг нууц кодыг задалж, дайны турш тэдний хоорондоо харилцаж байсан мэдээллийг нь уншиж байсан гэдэг.

Тэгвэл өчигдөр Британийн засгийн газар нацистуудын хамгийн сүүлд хоорондоо дамжуулсан зурвасыг анх удаа архиваас гаргаж, олон нийтэд үзүүлжээ.

Уг зурваст 1945 оны тавдугаар сарын 7-ны өглөөний 7:35 цагт Германы хойд эргийн Куксхафен хотоос “Kunkel” нэртэй офицер бусад хамтрагчдадаа сүүлчийн мэдээг дамжуулаад холбооны системээ унтраасныг харуулсан байна.

“Тавдугаар сарын 6-ны 14:00 цагт Британийн цэргүүд Куксхафен хотод орж ирсэн тул бүгдэд нь амжилт хүсээд радио холбоогоо үүрд салгаж байна. Дэслэгч Кункел” гэж сүүлчийн зурваст бичжээ.

Ялалтын баярыг Европт жил бүр өргөн тэмдэглэдэг боловч энэ жил цар тахлын улмаас даруухан өнгөрүүлж байна. ОХУ мөн өнөөдөр зохион байгуулагддаг цэргийн парадаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: CNN