Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Муланы домог үүсэхэд нөлөөлсөн байж болзошгүй дайчин бүсгүйчүүдийн араг ясыг Монголоос илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын археологичид Монгол улсын нутгаас эртний дайчин бүсгүйчүүдийн араг ясыг илрүүлсэн тухайгаа ярьсныг Live Science шинжлэх ухааны сэтгүүлд өчигдөр нийтэлжээ.

Нум сум харвах, морь унах эрдэмд мэргэшсэн хүмүүс байсныг нь тэдний яс, булчингийн бүтцийг шинжилсний үндсэн дээр тогтоосон байна.

Дайчин бүсгүйчүүд нийтийн тооллын 147-552 онуудад өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Сяньби улсын үед амьдарч байжээ.

Тиймээс өнөөдөр яригддаг Муланы домог нь тухайн үед амьдарч байсан ийм бүсгүйчүүдээс гаралтай гэж үзэж байгаагаа судлаач ярьсан байна.

Судалгааг Лос Анжелесийн Калифорни мужийн их сургуулийн биоархеологичид болох Кристин Ли, Яхаира Гонзалез нар хийжээ. Тэд эртний хүмүүсийн биеийн үлдэгдэлд биологийн шинжилгээ хийж, тухайн үеийн аж амьдралын хэв маяг, хүйсний ялгаа, өвчин эмгэгийн тархац, ахуй соёлоос үүдэлтэй бие махбодын өөрчлөлтийг судалдаг юм байна.

Кристин Лигийн үзэж байгаагаар Мулан нь нүүдэлчин эмэгтэй байсан бөгөөд түүнтэй холбоотой домог анх Хятадын эх сурвалжуудад бичигдэж үлдсэн тул өнөөдөр хятад эмэгтэй байсан мэтээр ойлгогддог байж болзошгүй гэнэ.

Тэдний судалгааны тайланг дөрөвдүгээр сарын дундуур American Association of Physical Anthropologists байгууллагын жил тутмын хуралд танилцуулах ёстой байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдоод байгаа ажээ.

Судлаачдын ахлагч Кристин Ли сүүлийн 16 жил Хятад, Монголд ажиллаж байгаа хүн юм.

Тэд хоёр эмэгтэйн араг ясыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших Айрагийн Гозгор хэмээх газрын бүлэг булшинд малтлага хийх үеэр илрүүлжээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ли болон түүний хамтрагчид энэ газраас нийт 29 язгууртны (16 эрэгтэй, 10 эмэгтэй, 3 хүйс үл мэдэгдэх) үлдэгдлийг илрүүлж, судалсан юм байна.

Эрчүүдийнх нь биеийн бүтцийг судлаад бүгд нум сум харвах, морь унах бэлтгэлийг удаан хугацаанд хийсэн хүмүүс байсныг тогтоожээ. Харин эмэгтэйчүүдийн зарим нь мөн эрчүүдтэй адил биеийн бүтэцтэй байсан гэнэ.

“Нэлээд дайчин хүмүүс байсан нь харагдаж байна. Тэд эрчүүдийн хийдгийг адилхан хийдэг байж. Тухайн үед нүүдэлчдийн дунд хүйсийн эрх тэгш байдал өндөр түвшинд байсныг эндээс харж болно. Харьцуулбал хөрш Хятадад тухайн цаг үед эмэгтэйчүүд ийм эрх чөлөөтэй байгаагүйг түүхэн сурвалж бичгүүд баталдаг” гэж Ли ярьж байна.

Чингис хаанаас өмнөх үеийн нүүдэлчдийн талаар бичигдсэн Хятад, Солонгос, Перс түүхийн эх сурвалжуудаас үзвэл монгол эмэгтэйчүүд Азийн бусад улс үндэстнүүдийн бүсгүйчүүдээс илүү эрх чөлөөтэй байсныг мэдэж болно гэж тэр ярьжээ.

Эмэгтэй дайчдын нэг нь 50 орчим настай, нөгөө нь 20 орчим настай хүмүүс байсныг тогтоосон байна. Араг яснуудаас дайны байлдаанаас олсон бэртэл гэмтэл, шархны шинж тэмдэг илрээгүй нь тэдгээр эмэгтэйчүүдийг язгуур угсаатай хүмүүс байсныг харуулж байгааг Кристин Ли тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Live Science