Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхтөр: Жолооч гэрээсээ гарахдаа Улаанбаатарт хаана ямар зогсоол байгааг харж, захиалга өгөх аппликэйшн бэлэн боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Автозам ашиглалтыг сайжруулах захирамжийн талаар, авто зогсоол ашигласны төлбөр авах, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр авто зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмын талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл өглөө. 

QR кодыг утсаараа уншуулж, хэдэн цаг зогсох захиалгаа өгөөд, төлбөрөө тушаах боломжтой

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээд 75 төлбөртэй зогсоол гэрээгээр ажилладаг. Зогсоолын хувьд хүрэлцээ муу, норм стандарт, дүрэм журам мөрдөгддөггүй зэргээс эхлэн асуудал их тулгардаг. Энэ нь ч түгжрэлд нөлөөлдөг. Тэр утгаарааа авто зогсоол ашигласны төлбөр авах журамд бүрэн өөрчлөлт орсон.

Тодруулбал, авто зогсоол руу ороход жолоочид машинтайгаа хаалтын өмнө зогсож цаг аваад, гарахдаа төлбөрөө тушаах зэргээр зохицуулагддаг. Мөн ААН, байгууллага болон албан газрууд, хотхон руу ороход тухайн газарт хамаарагдах автомашин л ордог байдал бүрэн өөрчлөгдөж, зогсоолын хүрэлцээ, сэлгэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Тэгэхээр жолооч гэрээсээ гарахдаа Улаанбаатар хотод хаана ямар зогсоол байгааг гар утсан дээрх аппликэйшнээ харж, зогсоолын захиалга өгнө. Зогсоолын захиалга өгөх үед зогсоолын ажилтнуудын пост машинууд дээр “энэ зогсоол захиалгатай" гэсэн мессэж очно. Жолооч ирж зогсоод хажууд нь байрлуулсан QR кодыг утсаараа уншуулж, хэдэн цаг зогсох захиалгаа өгөөд, төлбөрөө тушаах боломжтой. Энэхүү аппликэйшн бэлэн болсон.

 Улаанбаатар хотын нэгдүгээр бүсийн зогсоолын асуудлыг тавдугаар сард багтааж, шинэчилнэ

Улаанбаатар хотын зогсоолын асуудлыг нутаг дэвсгэрээр нь гурван хэсэгт бүсчилж хуваасан. Зогсоолын төлбөрийн хэмжээ бүсүүдэд харилцан адилгүй бөгөөд нэгдүгээр бүсэд төлбөр нь өмнөхөөсөө тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Мөн автомашиныг нэгдүгээр бүсэд зогсоол дээр хоёроос илүү цагаар зогсохыг зөвшөөрөхгүй. Бүгд цахим хэлбэрээр буюу зогсоолын ажилтны хяналт дор явагдана.

Хотын зах руу буюу хоёр, гуравдугаар бүс рүү зогсоолын төлбөр арай бага байх асуудал яригдаж байна.  

Эхний удаад Улаанбаатар хотын нэгдүгээр бүсийн зогсоолын асуудлыг тавдугаар сард багтааж, ийнхүү шинэчилнэ. Ингэснээр ажлаа амжуулах гэж байгаа болон газруудаар үйлчлүүлэх гэж буй иргэдэд зогсоол олдохгүй байх зовлон байхгүй болно. Үүнээс гадна шинэ журмаар,

  • Орон сууцны хороолол дундах зогсоолд мэдээллийн байгууламжийн тэмдэг тэмдэглэгээ сайжруулах
  • Албан үүргээ гүйцэтгэж буй автомашинуудад орон сууцны зогсоол байнга нээлттэй байхаар зохицуулалт хийх
  • Авто машиныг таглаад,хааж зогсдог асуудал нь бусдын хөдөлгөөнд саад учруулж буй хэрэг учраас торгууль, захиргааны арга хэмжээ авахаас гадна автомашиныг нь ачиж, зөөвөрлөх тухай асуудлыг ярьж, төлөвлөж байна" хэмээв.