Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Махны экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай ажиллана

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний дүнд 2020 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын экспорт өмнөх оныхоос 40 гаруй хувиар буураад байгаа билээ. 

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр нүүрсний тээврийг гуравдугаар сарын 22-нд эхлүүлсэн ч өмнөх оныхоо 10 орчим хувьд л дүйх хэмжээнд экспортыг гүйцэтгэж байна. 
Эхний дөрвөн сарын урьдчилсан тооцоогоор 334 сая ам.доллароор 4.1 сая тонн нүүрс гаргаад байгаа бол өнгөрсөн оны мөн үед манай улс хэдийн 11.4 сая тонн нүүрс экспортолсон байжээ. 

Энэ нөхцөл байдалтай танилцахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Чай Вэнь Руйн хамт өнгөрсөн сарын сүүлчээр Гашуунсухайт-Ганцмодны боомтод очиж ажиллаад ирсэн юм. 

Түүнтэй экспорт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 



-Монгол Улс нүүрсний экспортоо эхлүүлсэн ч хилээр гарч байгаа машины тоо өмнөх хэмжээндээ хүрэх яагаа ч үгүй байна. Шалтгаан нь юу байна вэ?

-Яг энэ шалтгааныг судалж, сайжруулах ямар боломж байгааг эрэлхийлэхээр Элчин сайд ноён Чай Вэнь Руйтэй хамт газар дээр нь очиж ажиллаад ирсэн. Биднийг очсон өдөр 182 машин гарсан байгаа. Бусад боомтыг нийлүүлж тооцвол өдөрт 300 машин нүүрс гарч байна. Одоо энэ тоо 500 болж нэмэгдээд байна. 

Автомашины нэвтрүүлэлт яагаад бага байна гэхээр нэгдүгээрт, манай жолооч нарыг Хятадын талд хонохыг одоогоор манайх зөвшөөрөөгүй байгаа, аюулгүй байдлыг хангах үүднээсээ. Гэтэл бодит байдал дээр энэ нь нүүрсний тээврийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна. Тиймээс Хятадын талд тусгаарлалтын бүс байгуулах талаар ярилцлаа. 

-Тусгаарлалтын бүсийн талаар илүү тодруулахгүй юу?

-Коронавирус дэлхийг ч, Монгол Улсыг ч өөрчлөх нь. Өнөөдөр манай хэрэгжүүлж буй карантин 14-20 хоногт зориулагдсан сайн систем.

Сайн байгааг нь бид өөрсдөө ч харж байна. Гэтэл энэ удаагийн цар тахал бол карантины хугацааг хязгааргүй болгон хувиргаж байна. Тэгэхээр тодорхой бүсэд, хязгаарлагдмал хэсэгт, тодорхой хугацаагаар үргэлжилдэг карантиныг урт хугацаанд хэрэглээд явахаар бизнесийнхэнд хүндрэл тулгарч байна. 

Карантиныг хариуцлагагүйгээр, хэт хөнгөрүүлэх тухай би хэзээ ч ярихгүй. Харин эрүүл ахуйн шаардлага дээд түвшиндээ байх ёстой. Гэтэл эрүүл ахуйтай хамаагүй маш олон хязгаарлалтууд гараад ирсэн. 

Тухайлбал, Гашуунсухайт дээр ажиллахад хэд хэдэн тийм зүйл ажиглагдаж байна. Үүний нэг жишээ нь, нүүрсийг контейнертэй гаргах. Чингэлэг бол амны хаалт биш. Тийм машинтай хүн ч цөөхөн. 30-40 сая тонн нүүрс тээвэрлэх чингэлгийг хангалттай оруулж ирнэ гэдэг нь дахиад нэг үйлдвэр барих асуудал болно. Гэтэл зэрэгцээд задгай нүүр ачсан нүүрс нэвтэрч л байна. Тиймээс контейнерээс нь бүр салгая гэж ярьсан. 

Бас нэг асуудал нь, жолооч нарыг 21 хоног тусгаарлаж байна. Нутгийн гүнд очихгүйгээр, иргэдтэй нь уулзахгүйгээр нүүрсээ хилээр гаргаад ирэхэд л манай карантины зарчмаар 21 хоног тусгаарлагдаад, гэртээ 14 хоног өөрийгөө ажиглах болж байна. Ийм байдлаар 30-40 сая тонн нүүр экспортлох боломжгүй. 

Тиймээс карантиныг шинэчилж, оновчтой болгох хэрэгтэй буюу хөдөлгөөнт карантиныг нэвтрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, МИАТ-ын өнөөдөр үйлдэж байгаа тусгай үүргийн нислэг нь хөдөлгөөнт карантины хэлбэр. Тэр нислэгээр хүмүүс ирж байгаа ч өөрсдийн дураар гарч явахгүй, ирээд тусгаарлагдаж байгаа. 

Энэ зарчмаар нүүрс тээврийн машин дотор камер, GPS суурилуулаад маршрутыг нь сахиулаад, үүнийг зөрчвөл хуулийн хариуцлага тооцох байдлаар хянаж болж байна. Жолооч нар тусгай бүсээс гарахгүй, ард иргэдтэй уулзахгүй, карантинд орохгүйгээр ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Тусгай бүсдээ жолооч нар тогтоосон бүсэд л явна. Мэдээллээ Хятадын талтай тогтмол солилцоод явна. Нэг жигд мэдээллийн орчин хэрэгтэй. Ингэхгүйгээр 10 тэрбум долларын худалдаа явах боломжгүй.

-Өнгөрсөн хугацаанд алдсан худалдааны боломжоо нөхөх боломж байгаа юу?

-Бид Хятадын засаг захиргаатай, энд байгаа Элчин сайдуудтай алдсан хоёр сараа үлдсэн хугацаанд нөхөж ажиллах талаар ярилцаад, зарчмын тохироо хийсэн. Ийнхүү боломжоо нөхөж ажиллахын тулд шийдвэрүүд гаргая гэж. 

Ямар ч хүндрэл гарсан Төрийн тэргүүнүүдийн түвшинд тохирсон худалдааны хэмжээ болох 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө явна гэсэн байр суурьтай байна.

-Өнгөрсөн хоёр жилд өндөр өсөлттэй байсан махны экспорт бараг зогсчихоод байна. Ялангуяа, ААН-үүдийн бэлтгэсэн адуу, ямааны мах удаан хадгалах боломжгүй болж байна гэж буй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Махны талаар бид ярьж байгаа. Үнэхээр хуримтлагдсан нэлээд нөөц байна. Яаж ч хадгалсан муудах эрсдлүүд бий болж байна. Тиймээс махны экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай ажиллана. 

Энэ сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярихын зэрэгцээ видео хурал хийнэ. Уг хурлаар ХХААЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага, хил, гааль оролцоод энэ бүхнээ яаж хөнгөвчлөх вэ гэдгийг ярина. 

Бид нэг л зүйлийг хоёр талдаа ойлголцож байгаа. Урьд өмнө үзэгдээгүй зүйлийг туулж гарч байгаа учраас ард нь гарахын тулд тал талдаа яг сэтгэлээсээ, илүү цагаар, илүү хүчин чармайлтаар, илүү бүтээлчээр ажиллах хэрэгтэй гэж. Шаардлагатай эрүүл ахуйн баталгаануудыг гаргаж өгөх, хэрэгтэй бол бид 300-400 жолоочийн шинжилгээг хийлгэх зэргээр нөөц боломжоо ашиглаад илүү анхааръя гэж байгаа. 

Зураг. мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнийн дүн (2010-2019, тонн, сая ам.доллар, өсөлтийн хувь)

 

-Цар тахлын нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрч унаад байна. Манай улс мах, нүүрс, түүхий эдээ гаргалаа гэхэд эрэлт нь хэр байх бол?

-Цар тахлын үеэр Хятадын эдийн засаг эхний улиралд нэлээд сөрөг үр дагаварт нэрвэгдсэн. Эрэлт эрс буурснаас болоод үнэ эрс буурч байгаа. Нөгөө талаар эдийн засгийг өсгөхөд бизнесүүдэд боломж гарч ирж байгаа биз? 

Хамгийн чухал зүйл нь энэ хямралын дараа дэлхийн манлайлах эдийн засаг бие биетэйгээ хэр ойлголцохоос бүх зүйл шалтгаална. Бүх зүйлээ хумиад, бие биенээ буруутгаад, эдийн засгаа улам дотогш чиглүүлсэн бодлого зонхилж эхэлбэл биднийг юу ч аврахгүй. Харин энэ бүхний дараа шинэ боломж руу бүгд дайрвал огцом өсөлт гарах боломж бий. 

Хятад ханзаар “хямрал” гэдэг нь “аюул ба боломж” гэсэн утгыг илэрхийлдэг. Шинэ өсөлтийг боломж болгон хувиргаж, боломж гэж харж ажиллах ёстой. Хятад улс ч үүнийг мэдээд маш их хүчин чармайлт гарган ажиллаж байна. Ялангуяа, түүхий эд тал дээрээ эдийн засгаа хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлье гэвэл нэгд түүхий эдээ илүү их татах хэрэгтэй болно. Энэ дээр боломж бий гэж харж байгаа. Ямар ч гэсэн Монгол Хятад улс дотогш харж суух биш, хамтраад хүндрэлээс гарах эрмэлзэл хамгийн сайн, улс төрийн эрмэлзэл, харилцан ойлголцол байна. Энэ бол эдийн засаг өсөх шинэ боломж.

-Гадаад худалдаа, экспортоос гадна гадаадад байгаа монголчуудын асуудал энэ цаг үед хурцаар тавигдаж байна. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ. Хэдийгээр манай улсын нөөц боломж муу ч гадаадад байгаа монголчуудын байдал хүнд байх шиг байна?

-Одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан 9200 иргэн байгаа ч бүгдийг нь авчрах нөөц боломж Монгол Улсад байхгүй. 

Иймд IOM хэмээх дүрвэгсдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг олон улсын байгууллагаар дамжуулан иргэддээ хүрч ажиллах талаар судалж байгаа аж. Сангийн яамтай бид ярьж байгаа, хөрөнгө мөнгөний асуудалд тэргүүнд тавигдаж байгаа учраас.

Байгаа бага нөөцөө ашиглаад олон хүнд хүрэхийг хичээж байна. Яагаад олон улсын хүмүүнлэгийн байгууллагын талаар ярьж байгаа гэхээр өөр өөр орны эрх зүйн орчинд ажилладаг туршлага бидэнд байхгүй. Тэдний хувьд хэдийн ажиллаад ирсэн тул улс орны хууль эрх зүйтэй зөрчилдөхгүйгээр ажиллах боломжтой. Бидэнд тодорхой саналууд байгаа.