Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний ногооны усжуулалтын системийг сайжруулах 40 сая ам.долларын зээлийн гэрээг байгууллаа

ikon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй 40 сая ам.долларын зээлийн гэрээ болон Ядуурлыг бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа.  

АХБ-ыг төлөөлж тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар зээлийн гэрээ болон буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гарын үсэг зурах ёслолд оролцлоо. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

 “Үнэлгээ багатай, уламжлалт үр тариа тариалалтаас гадна өндөр үнэ цэнэтэй хүнсний ногоо тарьж тус салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх нь хөдөө орон нутаг дахь иргэдэд ажлын байр бий болгож, тэдний орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлон тэмдэглэв. 

Хөдөө аж ахуйн салбар нь орон нутагт иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог хэдий ч нэр төрлийн хувьд хангалттай төрөлжөөгүйн улмаас хүнсний ногоо, бордооны хувьд Монгол Улс импортоос хамааралтай хэвээр байна. Үүний зэрэгцээ, улсын хэмжээнд усалгааны систем нь хүчин чадал багатай, ган гачиг, үер усны аюулд тэсвэргүй байдаг. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Уг төсөл нь үр ашигтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усалгааны дэд бүтэц, менежментийн системийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дээшлүүлэх, улмаар техник, институц болон удирдлагын чадавхуудыг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Тухайлбал, төслийн хүрээнд нийт 8,000 га газар бүхий сонгогдсон 12 хэсэгт усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох юм. Төслөөс нийт 3,458 өрх ашиг шим хүртэх бөгөөд тэдгээрийн 1,041 нь орлого багатай өрх байх болно.

Түүнчлэн төслийн хүрээнд эрс хүйтэрдэг бүс нутгуудад зориулсан үр ашиг өндөртэй усалгааны технологи, өвөл, зуны ногооны хүлэмж болоод алсын зайн тандалт хийх технологи бүхий хэрэглэхэд хялбар хөрөнгийн менежментийн систем зэрэг инновацид суурилсан, шинэлэг ажлууд мөн хийгдэх юм. 

Төслийн нийт төсөв нь 46.25 сая ам.доллар бөгөөд АХБ-аас үүний 25.3 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр, 14.7 сая ам.долларыг энгийн нөхцөлтэй зээлээр тус тус санхүүжүүлэх юм. Мөн Монгол улсын Засгийн газраас төслийн зардалд 4.25 сая ам.долларын санхүүжилт гаргах бөгөөд үлдсэн 2 сая ам.долларыг Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

ЯБЯС нь Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй бөгөөд Монгол Улсад сүүлийн 20 жил ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. 

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.