Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Уянга: Цар тахал шиг том сорилтуудаас бизнесийг тань технологи, дижиталчлал хамгаална

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс хөгжлийн шинэ мөчлөгийг туулж байна. Аж үйлдвэрлэлийн хувьсгалаас технологийн эринд нэвтэрч буй. Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай, зам, барилгын салбарт техник, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологийг нэвтрүүлж байгаа компани бол “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” юм. Тус компанийн технологи, дижитал салбарыг 13 дахь жилдээ удирдаж яваа Х.Уянга захирал Монголын анхны мехатроник IT инженер эмэгтэй. Мэргэжлээрээ Монголдоо ажиллах боломжийг түүнд “Вагнер Ази” компани олгожээ. Дэлхийн технологийн дэвшил, COVID-19 цар тахлын нөхцөл байдал, Монголын уул уурхайн салбар дахь технологийн шийдлийн талаар түүнтэй ярилцлаа.


Э.Оджаргал /www.mongolianminingjournal.com/

- “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компаниас уул уурхайн салбарт чиглэсэн технологийн шийдлүүдээс сонирхуулна уу.

- Одоогоор Монголдоо “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компани Катерпиллар брендийн техник, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологийг анхлан нэвтрүүлээд байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд дотоодын уул уурхай, замын салбарт автоматжуулалтын системийг нийлүүлж ирсэн. Уул уурхайн хувьд өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, техникүүдийг автоматжуулснаар бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг харилцагчиддаа бий болгож байна. Нарийн үйл ажиллагаатай уурхайд операторын ур чадвараас хамаарахгүй төвөгтэй ажлыг автоматжуулалтын технологиор гүйцэтгэх боломжтой. Оператор 10-20 см нарийвчлалтай хөрс хуулах ажлыг гүйцэтгэдэг байхад автоматжуулалтын удирдлагын системийн тусламжтайгаар миллиметрийн түвшинд хийх жишээтэй. Өнгөрсөн жилүүдэд “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компани нь уурхайн хөрс хуулалт, бүтээмж тал дээр илүү анхаарч ирсэн бол энэ жилээс аюулгүй ажиллагааны технологиудыг түлхүү Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн 2-3 жил дотоодын зарим уурхайд ноцтой, томоохон осол аваар гарлаа. Тиймээс аюулгүй ажиллагааны шийдлүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэж ажиллах төлөвлөгөөтэй. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулъя. Магадгүй 20 жилийн өмнө эрсдэлээ хүлээгээд ажилладаг байсан бол одоо цагт эрсдэлээс сэргийлэх технологийн дэвшил бий болсон байна. Тэрхүү технологийг Монголдоо нутагшуулахаар “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компани зорьж байгаа юм. Автоматжуулалтын систем нь аюулгүй ажиллагааг хангах технологийн нэг чухал шийдэл юм.

- Эрсдэлийн тухайд, шинэ төрлийн вирус COVID-19-ийн байдал дэлхий дахинаа бизнесийн харилцаанд технологи хүч түрэн орж ирж байх шиг?

- COVID-19 нөхцөл байдалд орон зай, ажлын талбараас үл шалтгаалан бизнесээ хэвийн явуулахад технологийн хэрэгцээ, шаардлагыг хүн төрөлхтөн илүү мэдэрч, ойлгож байна. Улс орнуудын эрэлт хэрэгцээ, худалдаа харилцан хамааралтай болжээ. Аюулт цар тахлын эрсдэл Монголын эдийн засаг, экспортод хэрхэн нөлөөлж байгааг бид бүхэн харж байна. Далайн чанад дахь улс орнуудын эдийн засгийн хүндрэл, хямрал тэр даруйдаа Монголд мэдрэгддэг цаг үед бид амьдарч байгаа юм. Ийм савалгаатай эрсдэлд бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүнээс үл хамаарах буюу технологийн хэрэглээг цаг үе шаардаж, тулгаж байна. Коронавирусын аюулаас сэргийлж дэлхийн улс орнуудад иргэд гэрээсээ ажиллаж байна. Манай улсад ч ялгаагүй. Гэхдээ Монголд гэрээсээ ажлаа хийх нөхцөл хангахуйц бэлэн биш. Технологийн хоцрогдолтой байна. Үүнийг мэдэж авсан нь монголчууд бидний давуу тал, бас том сургамж юм. Цаашдаа Монгол Улс технологийг нэвтрүүлж, өргөнөөр ашиглахад хөрөнгө оруулах учиртай. Монголын уул уурхай нь олон түвшинд явж байгаа бизнес, гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж, улсын эдийн засгийг “нуруундаа үүрч” яваа салбар. Сул талаа давуу тал болгон ашиглах шийдэл нь технологийн дэвшил бүхий автоматжуулсан техникүүдийг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компани уул уурхайн үйл ажиллагаанд түлхүү нэвтрүүлэх боломжийг олгож байна. Технологид бэлэн биш гэсэн ойлголтоор хямд өртөгтэй хоцрогдож буй техник, тоног төхөөрөмж худалдан авах нь гэмтэл ихтэй, илүү өртөгтэй. Шинэ эрсдэлээс хаширлаж илүү том эрсдэл рүү орж байгаа юм. “Нарийн хүн хоёр дахин төлдөг” гэдэг. Технологи нь өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт мэт боловч бизнесээ дараагийн эрсдэлүүдээс давхар хамгаалах ач холбогдолтой.

- Технологи нэвтэрснээр ажлын байр үгүй болно гэсэн ойлголт, магадгүй айдас байдаг?

- Технологи нь ажлын байрыг үгүй хийгээгүй, харин ажлын байрыг өөрчилж байгаа юм. Том оврын техникийг жолооддог байсан бол технологийн тусламжтайгаар автоматжуулсан техникийг зайнаас хяналтын өрөөнд удирдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уурхайн талбайд биш оффисоос ажиллах юм. Тухайн ажилтныг аюултай, эсрсдэлтэй бүсээс холдуулж байгаа хэрэг. Илүү тав тухтай байдалд ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Уурхайд ашиглагддаг техникүүд харьцангуй үнэтэй. Тэрхүү техникээ 20-30 жилийн туршлагатай жолоочоор л бариулахыг илүүд үзнэ. Гэтэл өндөр үнэтэй техник, тоног төхөөрөмжид тохирох олон жилийн туршлагатай боловсон хүчин одоогоор манай улсад хомс байна. Тиймдээ ч гаднаас мэргэжилтэн урьж өндөр цалингийн зардалтай ажиллуулдаг. Ийм зардал гаргах чадамжтай компани манай улсад хэр олон билээ. Жишээ нь АНУ-д нэг уурхайн техникийг өөр хотоос удирдан ажиллуулж байна. Орон зайнаас үл хамааран машин удирдлагын системийг ажиллуулж байгаа юм. “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компани Монголд нэвтрүүлж буй автоматжуулалтын технологийн шийдэл нь энэ.

 

- Гар утас, зөөврийн компьютер бий болсноор ажлын байр хомсдоогүй.

- Харин түүхий эдийн ханган нийлүүлэлт, эд ангийн боловсруулалт, угсралт гээд улс орнуудад олноор үйлдвэрүүдийг нээж байна. Гар утасны эд ангийг Азийн орнуудад үйлдвэрлэж, түүнийг нь АНУ-д угсарч байна. Ухаалаг төхөөрөмж нь хүний амьдралын хэв маяг, ажлыг хялбаршуулж, орон зай, цаг хугацааны бэрхшээлийг шийдвэрлэж байна. Түүний нэг нь асар хурдтай хөгжиж буй онлайн бизнес. Технологийн дэвшлээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч ажилтай, орлоготой болж буй туршлага өдгөө улс орнуудад ажиглагдаж байна. Тэгэхээр технологи нь илүү олон ажлын байр бий болгож байгаа юм.

- Ямар автоматжуулалтын технологи манай уул уурхайн салбарт нэвтэрсэн бэ? Давуу тал болоод ямар бэрхшээл тулгарч байгаа бол?

- Оюутолгойн уурхайн хамгийн том, өндөр бүтээмж бүхий хүчин чадалтай техникүүдийг бүгдийг нь хагас автомат системээр тоноглосон. Одоогоор нийт 24 техникийг автоматжуулаад 8 дахь жилдээ ашиглаж байна. Оюутолгойн уурхай нь манай CAT Mine Star системгүйгээр техникээ ажиллуулдаггүй. Түлшнээс эхлээд том техникүүдийг ашиглалтын зардал өндөр байдаг тул хялбар технологийн шийдлээр ашиглалтыг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. “САT Mine Star” автоматжуулалтын систем хэдийгээр Монголд нэвтрээд уаагүй ч дэлхийн уул уурхайн салбарт сүүлийн 30 гаруй жил ашиглагдаж байна. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд болох “Rio Tinto”, “BHP Billton”-оос эхлээд олон улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд технологийг зайлшгүй ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж, өрсөлдөх чадвараа ахиулж байна. Операторгүй буюу хүнгүй ажилладаг бүрэн автоматжуулсан “autonomous” 300 орчим техник дэлхийн олон орны уурхайд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар автоматжуулалтын систем Монголд замын салбарт түлхүү нэвтэрсэн. Тус салбарын онцлог нь улирлын чанартай. Зуны хэдэн сардаа амжиж замаа барьдаг учир өндөр бүтээмжтэй, алдаагүй нарийн гүйцэтгэх технологи маш их шаардагддаг.

Өнөөдөр хүмүүс нэг өдрийг ч гар утасгүйгээр төсөөлж чадахгүй. Гэтэл ердөө 20 гаруй жилийн өмнө гар утас мэдэхгүй амьдарч байлаа шүү дээ. Технологийн шийдэлд монголчууд бэлэн биш гэж ихэнх нь ойлгодог байх. Харин ч эсрэгээрээ Монголд түрүүлж технологийг нэвтрүүлснээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн экспортоор манай улс Австрали, Орос, Казахстан зэрэг олон орнуудтай өрсөлдөж байна. Далайд гарцгүй орны хувьд хамгийн хямд өртөгтэй тээвэр бол төмөр зам. Төмөр замгүй өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаагаа илүү сайжруулж өөрчлөх боломж нь технологийн шийдэл буюу автоматжуулалтын систем юм. Манай улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайд технологи нэвтрүүлснээр илүү хялбар, хямд, аюулгүйгээр хөгжинө.

Энэтхэг улс компьютер үйлдвэрлэж чадахгүй ч компьютер дээр ажиллах IT-ийн боловсролд 20 жилийн өмнөөс хөрөнгө оруулах болсон. Өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын IT компаниудын боловсон хүчнийг энэтхэгчүүд бүрдүүлж байна. Үүнтэй адил монголчууд ч технологид хөрөнгө оруулах хэрэгтэй. Нэгэнт Монгол Улсын эдийн засгийн гол салбар уул уурхай хэмээн түүнийг түшиглэн хөгжихөөр төрийн бодлого тодорхойлогдсон. Иймээс олборлолтын тонн тутамд зарцуулах зардал, цаг хугацааг хамгийн багаар байлгахад зөвхөн технологиор дэлхийд өрсөлдөнө.

 

- Технологи, дижитал шийдлийн газар ойрын ирээдүйд ямар ажлуудыг төлөвлөж байгаа вэ? Мөн алсын хараа...

Хэтдээ уул уурхайд бүрэн автоматжуулалтын технологийн шийдлийг Монголдоо нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчиддээ ойртуулахын төлөө ажиллана. Энэ нь Монголын хувьд холын зүйл биш. Даяаршсан даян дэлхийд техник, технологи маш хурдацтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад технологи ч улам бүр хямд, хялбар болж басхүү хүртээмжтэй болсон.

Технологи бидний ажил, амьдралыг хэзээ ч өмнөх үерүүгээ эргэж буцахааргүй өөрчилсөн. Технологи гэхээр өндөр өртөгтэй, хэрэглэхэд хэцүү, гадны хөгжингүй орнуудад нэвтэрсэн гэсэн ойлголт ард хоцорсон байна. Харин ч өндөр технологийг ашигласнаар Монголд илүү үр өгөөжтэй. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зам барих, уул уурхай болон барилгын үйл ажиллагаа нь улирлын чанартай учир цаг хугацаатай өрсөж өндөр өгөөж, бүтээмжтэй ажиллах нь чухал. Үүний шийдэл нь ердөө технологи. Өнөөдрийн хүнд нөхцөлд байдалд технологи, дижиталчлалд яаралтай шилжих нь цар тахал шиг том сорилтуудад бизнесийг тань хамгаална.

Танд баярлалаа.