Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Онгоцоор ирсэн 821 хүнээс эрсдэлтэй 45-ыг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,044 иргэн байна. Манай улс өнөөдрийг хүртэл хугацаанд 6,184 иргэнийг тусгаарлан ажиглажээ.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-наас хойш хийсэн тусгай үүргийн нислэгээр нийт 821 иргэн ирсэн.

Үүнээс бид эрсдэлтэй гэж үзсэн нийт 45 хүнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авсан.

Мөн "Жаргалант", "Зүчи", "Наранбулаг", "Альфа", "Энх саран", "Хабу" гэх мэт бусад амралт сувиллын газар, зочид буудалд үлдсэн иргэдийг тусгаарласан.

Гурван онгоцоор:

  • тав хүртэлх насны 32 хүүхэд
  • жирэмсэн 39 эмэгтэй
  • хорт хавдартай 6 хүн
  • сахиуртай 12 хүн ирсэн бөгөөд холбогдох шинжилгээг хийж байна.

Түүнчлэн одоогоор Дорнод аймагт найм, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 104, Баян-Өлгий аймагт хоёр иргэнийг тус, тус тусгаарлаад байна. 

Улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн салбарын 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж буй.

Харин нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 939 хүн гэрээр тусгаарлалтад байгаа бөгөөд тэдэнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байгаа" гэв.

Мөн тэрбээр "Маргаашаас эхлэн улсын хэмжээнд дадлага сургуулилалт хийхээр төлөвлөсөн. Үүнд эрүүл мэндийн бүх салбар оролцох төлөвлөгөөтэй учир тухайн өгөгдсөн цагт тохируулан эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлэх тал дээр бэлтгэлээ хангасан.

Гэхдээ одоогоор бидэнд ямар цагийн өгөгдөл ногдох тухай мэдээлэл ирээгүй байна. Бид Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг "Яармаг 100" гэх эмнэлгийн хэлбэрээр сургуулалилтад бэлдсэн бол хээрийн эмнэлгүүдийг Жаргалантын аманд бэлдсэн.

Өвчлөлийг бид хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр байгаа гэдгээр ДЭМБ-ын аргачлалаар бүх тооцооллыг хийж сургуулилалтаар хийнэ.

Мөн бид тусгай үүргийн онгоц болон тээврийн хэрэгслүүдээр эмнэлгийн хэвийн тусламж үйлчилгээнд нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үе шаттайгаар татан авах ажиллагааг УОК, Шуурхай штаб болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийж байна” гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/629918270929506/?v=629918270929506

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.