Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнөөр амиа алдах америкчуудын тоо 100,000-аас хэтрэхгүй гэж Дональд Трамп мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын асуудлаар Ням гарагийн орой Вашингтон хотын Линкольны дурсгалын цогцолборт ярилцлага өгч, уг арга хэмжээг телевизээр нийтэд дамжуулсан байна.

Энэ үеэр тэр Covid-19 өвчнөөр нас барах америкчуудын тоог 100,000 дотор байна гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ.

Сар орчмын өмнө Дональд Трамп 60,000 хүртэл тооны АНУ-ын иргэн шинэ коронавирусийн халдвараар нас барах төлөвтэй байгааг ярьж байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар тус улсад 67,000 гаруй хүн нас бараад байна.

Трамп бас Covid-19 өвчний эсрэг вакцин 2020 оны сүүлээр бэлэн болно гэж мэдэгдсэн нь судлаачид, мэргэжилтнүүдийн тооцоолж байгаа хугацаатай зөрчилджээ.

“Бид хугацааг наашлуулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Энэ оны сүүлээр вакцинтай болно гэж бид тооцоолж байна” гэж Трамп ярихдаа Johnson & Johnson тэргүүтэй хэд хэдэн компанийн вакцин бүтээх ажил урагштай байгааг онцолсон байна.

Гэхдээ Johnson & Johnson компани коронавирусийн эсрэг вакцин нь 2021 онд бэлэн болно гэж сүүлд мэдэгдэж байсан юм.

Тус компани хүн дээр хийх туршилтаа эхлээгүй байгаа бөгөөд хамгийн эртдээ энэ оны есдүгээр сард эхлүүлэх төлөвтэй байгаа. Тиймээс Дональд Трампын мэдэгдэлд эргэлзэх хүн олон байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын нийт 1,158,040 тохиолдол бүртгэгдэж, 67,682 хүн нас барсныг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: Associated Press