Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын засвар тавдугаар сарын 13-нд дуусна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 17.8 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. 

Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн. Үргэлжлүүлэн Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. 

Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх газар дээрээс нь мэдээлэл өглөө. 

 
гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" уг ажлыг дангаараа хийж гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар 100 гаруй замчин ажиллаж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ, болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй билээ. 

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил тавдугаар сарын 13-нд дуусах тул энэ хугацаанд иргэд тус хугацаанд энэ замыг сонгож явахгүй байхыг анхааруулъя. Иргэд бүтээн байгуулалтын ажлаа дэмжинэ гэдэгт итгэж байна.

Энэ Тасганы овооны зам 1989 онд тавигдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн юм.   

Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийхээр төлөвлөсөн.  Замын насжилт арчилгаа, ус зайлуулах шугам хийсэн эсэхээсээ ихээхэн хамаардаг. Бид олон улсын замын стандартаар, хяналтыг сайн тавьж буй. Энэ эгнээг зассаны дараа урд талын эгнээ дараа нь Баянбүрдийн тойрог тэр чигтээ засагдана.

Ерөнхийдөө замын засвар, шинэчлэлтийн бүх ажлыг есдүгээр сарын 1-ээс өмнө хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ заавал зам хаахыг урьтал болгохгүйгээр хажуу замаар нь зорчих боломжийг олгоно. Зам хаах газруудыг тухай бүрд нь буюу 3-5 хоногийн өмнө иргэддээ мэдэгдээд явна" гэв. 

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын засвар, шинэчлэлийн ажил нь нийслэлийн замын сан, улсын болон нийслэлийн төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжилттэйгээр, хийгдэж буй аж.