Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Швед улсаас холбогдсон нэг монгол иргэний шинжилгээ хариу нэмэх гарсан учир гэрээр эмчлүүлж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.04/

https://www.facebook.com/iKonNews/videos/240256200369599/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.5 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 248 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

"Амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар буурсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд ажиглалтад нийт 1,041 хүн байна. Өчигдөр 272 хүн шинээр ажиглалтад нэмэгдсэн бол хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Одоогоор ажиглах тусгаарлах байранд хоёр их эмч ажиллаж, тандалт судалгаа хийж байна.

Өчигдөр Франкфуртаас ирсэн 261 хүний ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Хабу, Энх саран, Кентавар зочид буудалд тус тус байрлуулсан. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байна.

Уг онгоцоор ирсэн 350 ширхэг ачаа, тээш 700 килограмм карго болон хүмүүсийг тусгаарлалтын байр руу хүргэсэн 12 тээврийн хэрэгслийг ЗӨСҮТ-ийн баг халдваргүйжүүлж ариутгасан.

Мөн өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 10 эмч ажиллаж, 340 ажилтан, 4,800 гаруй хүнд тандалт судалгаа хийж эрүүл мэндэд нь хяналт тавьсан" гэлээ.

Түүнчлэн тэрбээр "24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 201 дуудлага иргэдээс иржээ. Туркээс нэг, АНУ-аас нэг, Австри улсаас нэг, Швед улсаас нэг монгол иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авсан байна.

Харин Швед улсаас холбогдсон нэг иргэний коронавирус илрүүлэх шинжилгээ нь нэмэх гарсан байна. 

Гэхдээ биеийн байдал нь хөнгөн хэлбэрт байгаа учраас 14 хоног гэрээр тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа талаараа бидэнд мэдээлсэн.

Нэгдүгээр сарын 3-наас хойш иргэд амны хаалт зүүж, байнга гараа угааж байгаа нь тодорхой үр дүнд хүрчээ.

Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар, томуу томуу төст өвчин 3.1 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн гурван жилийн дунджаас 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Иймд манай иргэд үргэлжлүүлэн дэглэмээ сайн барих хэрэгтэй” гэдгийг онцлов.

"Тархалт өндөр байгаа орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага ажиглагдаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт өвчний тархалт өндөр байгаа орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага ажиглагдаж байна.

Нас баралтын хувиар Франц 19 хувьтай, Их Британи, Итали улс 13 хувьтай байгаа бол дэлхийн хэмжээний нас баралтын түвшин 7 хувьтай байна.

Манай бүсэд Сингапур, Филиппин, Японд тархалт хурдацтай нэмэгдэж буй.

ДЭМБ-аас хязгаарлах арга хэмжээг сулруулах эсвэл чангатгах шийдвэр гаргахад хэрэгтэй шалгуурын удирдамжийг шинээр гаргасан” гэсэн мэдээлэл өглөө.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.