Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистан улсад коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн таван “стан” улсуудын нэг Тажикистанд өчигдөр коронавирусийн халдварын 15 тохиолдол илэрснийг албан ёсоор зарласан нь тус улсын хувьд анхны тохиолдлууд болжээ.

Ингэснээр эрүүл мэндийн систем сул хөгжсөн, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас хамгийн ядуу эдийн засагтайд тооцогддог Тажикистанд том сорилт тулгарч байна. 

Тус улс саяхныг хүртэл коронавирусийн ганц ч халдвар албан ёсоор илрээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэгд тооцогдож байв. Гэхдээ ерөнхийлөгч Эмомали Рахмоны засгийн газар мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн сэжиг яригдаж байсан юм.

Тажикистаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийслэл Душанбе хотод 5, хойд бүсийн Хужанд хотод 10 тохиолдол илэрсэн гэнэ.

Халдварын тохиолдлууд хэзээ илэрсэн, өвчтөнүүд хаана эмчлүүлж байгаа зэрэг мэдээллийг яамнаас өгөөгүй байна.

Төрийн өмчит Ховар мэдээллийн агентлаг нийт тажикуудад гадуур явахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Ингэснээр Төв Азийн “стан” улсуудаас ганцхан Туркменистан улс коронавирусийн цар тахалд өртөөгүйд тооцогдож байна.

Тажикистаны хөрш Киргизэд өнөөдрийн байдлаар 746 халдварын тохиолдол бүртгэгдэж, найман өвчтөн нас баржээ. Узбекистанд 2,017 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барсан байна.

Казахстан улс нийт 3,273 халдварын тохиолдол, 25 эндэгдэлтэй байгаа нь  бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty