Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Korean Air”-ын өв залгамжлагч нөхрөө зодсон хэргээр шийтгүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч “Korean Air” компанийн дэд ерөнхийлөгч асан Чо Хюн Аг өчигдөр Сөүл хотын шүүх нөхрийнхөө биед халдсан хэрэгт буруутгаж, 30 сая воны ($24,600) торгууль оноожээ.

Харин ихэр хүүхдүүд рүүгээ хэл амаар дайрч довтолж, халбага шидсэн гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Чо Хюн А нь “Korean Air” компанийг үүсгэн байгуулагч агсан Чо Ян Хогийн том охин юм. Чо Ян Хо өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн.

Чо хатагтайн нөхөр хүүхдийн эсрэг гэмт үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон гэр бүлийн маргааны үеэр Чо Хюн А нөхрийнхөө хоолойг боож, таблет компьютер шидэн хөлийн хурууг нь гэмтээж байсан юм.

Тэд 2010 онд гэрлэсэн ч нөхөр нь 2018 оны дөрөвдүгээр сард салах өргөдөл гаргаж, одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа ажээ.

Чо Хюн А 2014 онд Нью Йоркоос Сөүл хотын чиглэлд хөөрсөн “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэрэг нь “самарны хэрүүл” нэрээр дэлхийн хэвлэлүүдээр тарж, нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан юм. Тэрээр самар авчирч өгөхдөө тавган дээр тавьсангүй хэмээн үйлчлэгч эмэгтэйг загнаж, зодсоны улмаас хөөрөөд удаагүй байсан онгоц буцан газардаж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times