Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх сард банкууд ААН-д олгох зээлийн шалгуураа бага зэрэг чангална"

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Банкуудаас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 8.5 их наяд төгрөгтэй тэнцэж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурчээ.

Харин хувийн байгууллагуудад олгосон зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болж, 3.2 хувиар өссөн байна. 

Банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 11.2 хувь, үүн дотроо иргэдэд олгосон зээлийн 1.5, хувийн байгууллагад олгосон зээлийн 21 хувийг гадаад валютын зээл эзэлжээ. 

Зээлийн үлдэгдлийг ангиллаар нь авч үзвэл:

  • Цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн 19%
  • Худалдааны зээл 17%
  • Үл хөдлөхийн зээл 12%-ийг эзэлж байна.

Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 81%-ийг хувийн байгууллага, тэр дундаа 24% буюу хамгийн өндөр нь барилгын салбарын зээл байна. 

Чанаргүй зээлийн 79%-ийг байгууллагын зээл эзэлжээ. Энэ дотроо боловсруулах болон уул уурхайн салбарын чанаргүй зээл 22 хувийг бүрдүүлж байна. 

Гуравдугаар сард банкуудын шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.1, валютынх 5.4 хувь байв. 

Харин шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.6%, валютынх 10.5 хувь байсан нь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт ажээ. 

Монголбанкнаас Банкны салбарын зээлийн төлөвийн түүвэр судалгааг улирал бүр зохион байгуулдаг бол сүүлийн дөрвөн сард COVID-19 цар тахлын нөлөөг судлах үүднээс сар тутам хийж байгааг Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа хэллээ. 

Өнгөрсөн хоёр сард банкууд зээлийн шалгуураа иргэд, ААН-ийн хувьд чангаруулсан бөгөөд зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байна. 

Мөн хугацаанд худалдаа, үйлчилгээний салбараас бусад салбарын зээлийн эрэлт буурсан бөгөөд иргэдийн зээлийн эрэлт ч буурчээ. 

Ирэх нэг сарын хугацаанд банкууд ААН-д олгох зээлийн шалгуураа бага зэрэг чангалах бол иргэдэд олгох зээлийн шалгууртаа өөрчлөх төлөвгүй байна. Харин зээлийн нөхцөлд өөрчлөлт орохгүй гэжээ. 

Томоохон банкууд ирэх сард зээлийн эрэлт буурна гэж үзэж байгаа бол жижиг болон дунд зэргийн банкууд эсрэгээрээ өснө хэмээн таамаглаж байгаа аж.