Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Кентаки мужийн захирагч Тупак Шакурыг гүтгэсэндээ уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын гамшгаас үүдэлтэй АНУ-ын эдийн засаг хямарч, олон сая хүн ажилгүй болоод байгаа.

Тус улсын мужуудын эрх баригчид ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдөлд дарагдаад байна.

Даваа гарагт Кентаки мужийн захирагч Энди Бэшир хэвлэлд ярихдаа хуурамч нэрээр өргөдөл гаргаж, тоглоом тохуу хийж буй хүмүүс ажилд нь саад болж байгаа тухай ярьсан юм.

“Жишээ нь бид Тупак Шакурын нэрийн өмнөөс тэтгэмж хүссэн өргөдөл хүлээж авсан. Ийм байж болохгүй. Тэр хүн ингэснээрээ өөрийгөө зугаацуулж, баясгасан байж болно. Харин бидний ажилд маш их саад болж байна” гэж захирагч ярьжээ.

 
Кентаки мужийн захирагч Энди Бэшир

Үнэндээ өргөдөл гаргасан хүн нь 1996 онд бусдад буудуулж амиа алдсан нэрт рэппер биш, түүнтэй адил нэртэй иргэн байсан гэнэ.

Кентакийн Лэксингтонд амьдардаг 46 настай Тупак Малик Шакур коронавирусийн тахлын өмнө ресторанд тогоочоор ажиллаж байгаад сүүлд ажилгүй болжээ.

Тэрээр нэрт рэпперийн фэн байсан бөгөөд 1998 онд дурсгалд нь зориулан албан ёсоор нэрээ өөрчилж байсан гэнэ.

Хэвлэлүүд энэ талаар олж мэдээлсний дараа Кентаки мужийн захирагч түүнтэй утсаар ярьж, уучлал гуйжээ.

Дараа нь Тупак захирагчийг маш олон асуудал шийддэг ажилтай хүн тул ийм алдаа гаргах нь хэвийн зүйл гэж бодож байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Захирагч Энди Бэшир мөн Тупакын асуудлыг шийдэж өгөхөө амлажээ. “Би түүнд асуудлыг нь шийдэж өгөхөө амласан. Энэ бол миний алдаа. Би түүнийг хүсээгүй байхад нь олны анхаарлын төвд оруулсандаа уучлал гуйлаа. Тэр ч нөхцөл байдлыг ойлгож, надтай найрсгаар ярилцсан” гэж захирагч ярьжээ.

Кентаки мужийн нийт ажиллах хүчний 24 хувь нь цар тахлын үед ажилгүй болсон гэсэн албан ёсны тоо баримт байна.

 

Эх сурвалж: BBC