Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус уу?

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдаж байв.

Уг хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид ажлаа хүлээлгэж өгч шинэ Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдсон ба дээрх Их хурлын шийдвэр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус хэмээн үзэж иргэний хэргийн шүүхэд хандаад байгаа талаар сэтгүүлч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдоржийн өмгөөлөгч С.Баянмөнхтэй уулзаж ярилцлаа.  

 

-Та болон таны үйлчлүүлэгч С.Шаравдорж ямар үндэслэлээр МСНЭ-ийн 17-р Их хурлыг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байгаа вэ?

-Миний хувьд 2018 оны тавдугаар сараас хойш иргэн С.Шаравдоржийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Үйлчлүүлэгч С.Шаравдорж гуайн хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан “МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018.02.08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай” шийдвэрийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргаж хариуцагчаар нь “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ТББ-ийг татан иргэний хэрэг үүсээд явж байсан боловч хариуцагчаас шүүхэд хуурамч, засвар, өөрчлөлт оруулсан нотлох баримт гаргаж өгсөн асуудал үүссэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул эрүүгийн журмаар гомдол гаргаж тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээснээр уг хэргийг эцэслэн шийдвэрлэтэл үйлчлүүлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны зургаадугаар сараас хойш түр түдгэлзүүлсэн байдалтай байна. 

МСНЭ-ийн 17 дугаар Их хурал хууль бус явагдсан гэж үзэхээр хэд хэдэн үндэслэл байдаг. Тухайлбал, Их Хурлыг зарлан хуралдуулсан гэх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан МСНЭ-ийн дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд ирцийн хувь УЗ-ийн хуралд УЗ-ийн 10 гишүүний 5 гишүүн нь оролцож УЗ-ийн хурлыг хүчинтэйд тооцох ирцийг бүрдүүлээгүй, ээлжит бус Их хурлыг ээлжит Их хурал мэтээр хурлын товыг зарлаж Удирдах зөвлөл эрхээ хэтрүүлсэн, хэлэлцсэн асуудлаар УЗ-ийн шийдвэрт оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй зэрэг хүчин төгөлдөр дүрмийн шаардлагуудыг илтэд зөрчсөн өөрөөр хэлбэл  “МСНЭ-ийн ээлжит 17-р Их хурлыг 2018.02.08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарласан” гэх  дүрмийн дагуу албажуулсан бичиг баримт байдаггүй. 

 -Тэгвэл МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг товлосон тухайн үеийн удирдах зөвлөлийн шийдвэр нь дүрмээ зөрчсөн хууль бус шийдвэр учраас Их хурал түүнээс гарсан шийдвэрүүд, жишээлбэл 17 дугаар Их хурлаас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нь эрх бүхий субъект биш гаргасан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үү?

-Харин уг асуудлыг л тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан боловч шүүхийн процессын шатанд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарснаар уг хэргийг шийдвэрлэх асуудал удааширсан.

Цаашид хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл буюу эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгагдаж дуусгавар болж, эрх бүхий байгууллагуудын эцсийн шийдвэр гарснаар иргэний шүүхийн асуудал сэргэж шүүхээр нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тогтооно. 

Нэхэмжлэгч талын зүгээс тухайн үед буюу 2018 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ТББ-ийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хүрээнд тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд ээлжит Их хурлаа товлон зарлах эрх нь олгогдсон байдаг ч ээлжит бус 17 дугаар Их хурлыг зарласан 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурал нь тухайн байгууллагын дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдвол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус шийдвэрийн хүрээнд хуралдсан Их хурал, мөн хурлаас гаргасан бусад бүх шийдвэрүүд нь мөн адил хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үр дагавартай гэж харж л шүүхэд анхнаасаа хандсан. 

-Дээр дурдсан Эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа  хэрэг нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ хэргийн тухайд би өмгөөлөгчөөр оролцоогүй боловч хөндлөнгийн байр сууринаас харахад 2018 оны есдүгээр сараас эхэлж шалгагдсан хэрэг жил хагасын  нүүр үзэх гэж байхад одоо л дөнгөж мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болж хариуцагчийн гэм буруутай нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Та бүхэн хэрэг яагаад ийнхүү удаашралтай шийдэгдэж байгаа, цагдаа прокурорын байгууллага хэрхэн ажилласан талаар тодруулахыг хүсвэл харьяалан шалгаж буй Цагдаагийн хэлтэс, хяналт тавьж байгаа прокурорын байгууллагаас нь очиж мэдээллийг авахыг хүсье.