Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Том Хэнкс “корона” нэртэй хүүд захиа бичжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Корона гэсэн нэрнээсээ болоод бусдад шоолуулж, дээрэлхүүлдэг найман настай австрали хүү Холливүүдийн од Том Хэнксд захиа бичсэн байна.

Өнгөрсөн сард Том Хэнкс эхнэр Рита Уилсоны хамт Австралид аялах үеэрээ коронавирусийн халдвар авч, хоёр долоо хоног гаруй хугацаанд тусгаарлагдаж байсан юм.

Австралийн Күинслэнд мужийн Голд Кост орчимд амьдардаг Корона Де Врайс хүү захианыхаа эхэнд “Та болон таны эхнэр коронавирусийн халдвар авсан тухай би мэдээнээс сонссон. Одоо таны бие зүгээр үү?” гэж асуужээ.

Хүү нэрэндээ дуртай боловч сургуулийнх нь хүүхдүүд байнга коронавирус хэмээн дууддаг болсон нь түүнийг уурлуулж, гомдоодог гэсэн байна.

Удалгүй Том Хэнксээс ирсэн хариу захианд “Чиний захиа эхнэр бид хоёрыг баярлууллаа! Нарыг тойрсон цагираг буюу титмийн нэртэй миний мэдэх цорын ганц хүн бол чи юм” гэж бичжээ.

Хэнкс хүүг өөрийнхөө найз болсонд тооцож байгаагаа илэрхийлээд “Corona” нэртэй бичгийн машинаа захидлын хамт илгээсэн байна. 

“Миний бодлоор энэ бичгийн машин чамд зориулагдсан бололтой. Том хүнээс яаж ажиллуулдгийг нь асуугаарай. Дараа нь энэ машинаараа надад захиа бичээрэй” гэж нэрт жүжигчин бичжээ.

Хэнкс хүүд илгээсэн захиагаа мөн энэхүү бичгийн машинаар бичсэн юм байна.

Эх сурвалж: The Guardian