Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнийг анагаах хамгийн магадлалтайд тооцогдож байсан эмийн туршилт үр дүнгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ.

Дэлхийн олон улс орон энэхүү эмд найдлага тавьж, эрэлт нь нэмэгдэж, олдоц нь муудаад байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл уг эмийг хамгийн их найдвар төрүүлж буй эмчилгээний арга гэж мэдэгдэж байв.

Нийтдээ 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй байна. 

Тэр ч байтугай өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.

Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна.

Тус байгууллагын төлөөлөгч санамсаргүй байдлаар гүйцэд бэлэн болоогүй мэдээлэл нийтлэгдсэн тул устгасан гэж тайлбарлажээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг нэгтгэсний дараа эцсийн байдлаар танилцуулах гэнэ.

Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг АНУ-ын Gilead Sciences компанид бүтээж, Эбола тахлын үед Африк тивд туршсан ч үр дүн гараагүй юм байна.

Covid 19 тахлын энэ үед зарим эмч нар туршилтыг хүлээлгүйгээр энэ эмийг эмчилгээнд хэрэглэж байсан нь заримдаа нааштай үр дүн үзүүлж байжээ.

Хэдийгээр туршилт үр дүнгүй болсон тухай мэдээлэл тарсан ч Gilead компани эмийн ач холбогдол өндөр хэвээр, хөнгөн өвчилсөн хүмүүст сайн нөлөөтэй гэж мэдэгдсэн байна.

Нийт 158 өвчтөнийг санамсаргүй түүврээр сонгож, Remdesivir эмийг өгч, эм хэрэглээгүй 79 өвчтөнтэй харьцуулж судалжээ.

Ингэхэд эдгэрэлтийн хугацаанд ялгаа гараагүй бөгөөд эм хэрэглэсэн 

өвчтөнүүдийн 14 хувь нь нас барсан бол хэрэглээгүй хэсгийн 13 хувь нь нас барсан байна.

Өнөөдөр амьдралд хэрэглэгдэж байгаа эмнүүдээс Covid-19 өвчнийг анагаах эм олж илрүүлэх гэсэн олон оролдлогуудын нэг ийнхүү үр дүнгүй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian