Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийтэй төстэй, амьдрал байх боломжтой шинэ гараг нээгджээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Астрономичид манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал байх боломжтой гарагийг 300 гэрлийн жилийн зайд илрүүлжээ.

2009-өөс 2018 оны хооронд NASA-гийн Kepler сансрын дурангаар илрүүлсэн 2,681 харь гараг дотроос манай дэлхийтэй хамгийн ойролцоо хэмжээтэй, агаарын температур нь ч ойролцоо ганц гараг энэ юм байна.

Kepler дурангийн цуглуулсан мэдээллийн архивыг дахин боловсруулах явцдаа астрономичид энэхүү онцгой гарагийг олж илрүүлжээ.

Kepler дуран 2018 онд ашиглалтаас гарсан ч цуглуулсан мэдээлэл нь ойрын хэдэн жилд судалгааны чухал эх сурвалж болсоор байх юм.

Одоо NASA-гийн TESS дуран харь гараг ангуучлах ажлыг тойрог замд үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа.

Шинээр нээсэн гарагийг Kepler-1649c гэж нэрлэжээ. Хэмжээ нь манай дэлхийгээс 1.06 дахин том бөгөөд манай дэлхийн нарнаас авдаг гэрлийн 75 хувьтай тэнцэх гэрлийг өөрийн одноос хүлээж авдаг байна.

Эндээс үндэслээд тус гарагийн агаарын температур дэлхийнхтэй ойролцоо гэж үзэж байгаа юм.

Үүнээс гадна Kepler-1649c гарагийн одноосоо алслагдсан зай нь шингэн ус гадаргуу дээрээ агуулах боломжтой хамгийн зохимжтой хэмжээнд байгаа гэнэ.

Тиймээс амьдрал байх боломжтой гарагт тооцжээ. Харин шинэ гарагийн од нь одой, улаан од буюу манай нарнаас жижиг, бага температуртайд тооцогдож байна.

Гэхдээ гараг, од хоёрын хоорондын зай нь дэлхий, нар хоёрын хоорондын зайнаас хамаагүй ойр тул эрчим хүчний зөрүүг нөхөхөөр байгаа гэнэ.

Шинээр нээгдсэн гараг өөрийн одыг манай дэлхийн хэмжүүрээр 19.5 хоногт нэг бүтэн тойрдог.

 

Шинэ гарагийн тухай анхны мэдээлэл өчигдөр “The Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгджээ.

Эхэндээ харь гарагийн мэдээлэл боловсруулдаг компьютерийн алгоритм Kepler-1649c-ийг гараг биш, хуурамч мэдээлэл гэж үзэн алгассан байжээ.

Сүүлд алгоритмын алдааг олж зассаны дараа архивын мэдээллийг дахин шалгаж, шинэ гарагийг нээсэн ажээ.

Одоо астрономичид Kepler-1649c гарагтай цуг өөр хоёр гараг одыг нь тойрон эргэдэг байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд судалж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN