Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп тэргүүлэх мэргэжилтнээ огцруулбал Итали улс ажил санал болгож магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Доктор Фаучи Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр

Сүүлийн үед Цагаан ордны цар тахалтай тэмцэх хорооны гишүүн, доктор Энтони Фаучи ерөнхийлөгч Дональд Трамптай санал зөрөлдөх нь нэмэгдсэн тул халагдаж магадгүй гэсэн яриа гараад байна.

Фаучи нь АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд ДОХ, Sars, Эбола, Зика зэрэг тахлын үед голлох үүрэгтэй ажиллаж байжээ.

Тэгвэл Итали улсын халдварт өвчний томоохон эмнэлэг Лаззаро Спалланзанигийн захирал, доктор Жьюзеппе Ипполито  өчигдөр улсынхаа ерөнхийлөгчид захиа бичиж, доктор Фаучиг урьж ажиллуулах санал тавьсан байна.

Итали улс нь Европ тивийн цар тахлын төв болоод байгаа бөгөөд Спалланзани эмнэлэг анхны өвчтөнийг эмчилж байжээ.

Фаучигийн туршлага, мэдлэг, бусад улс орнуудын мэргэжил нэгтнүүддээ үзүүлж байсан тусламж зэргийг магтаж бичсэн Ипполито мөн түүний итали угсаа гарлаар бахархдагаа илэрхийлсэн байна.

Хэрвээ АНУ-ын засаг захиргаа Фаучиг ажлаас нь чөлөөлбөл зөвхөн Америкт төдийгүй дэлхий нийтэд хохиролтой алхам болно гэж Ипполито бас бичжээ.

Даваа гарагт Дональд Трамп алдартай мэргэжилтнээ халах бодолгүй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн ч Цагаан ордны зарим эх сурвалжийн баталж байгаагаар Фаучигийн хэвлэлд өгч буй мэдэгдлүүдийг ерөнхийлөгч таагүй хүлээн авч, зарим тохиолдолд хэвлэлийн хуралд оролцуулахгүй байх чиглэл өгсөн гэнэ.

Ипполито захиагаа Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллад хаяглаж, хуулбарыг нь Италийн ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, эрүүл мэндийн сайд нарт илгээжээ.

Захианы итали, англи хэл дээрх хувилбаруудыг Спалланзани эмнэлэг өчигдөр хэвлэлүүдэд тараасан байна.

 

Эх сурвалж: Associated Press