Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Монголбанкны гаргасан журам бүх банкуудад нэг ойлголтоор хэрэгжих ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсож байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/544082843174837/

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ийм үед арилжааны банкууд уян хатан байлгах шаардлагатай. Алтны тушаалт хоёрдугаар сард 10 дахин нэмэгдсэн гэсэн. Хилээр гаргахгүй болохоор ингэж болдог юм байна гэдэг нь харагдаж байна. Монголбанканд өнгөрсөн онтой харилцуулахад хэдий хэмжээний алт тушаагдсан бэ. 

Монголбанк валютын нөөцдөө түшиглээд мөнгө хэвлэхээр харагдаж байна. Тэгэх юм бол инфляцийн түвшин хэд болох вэ. 

Хэрэглээний зээл бол хамгийн эрсдэл багатай төрөөс өгч байгаа мөнгө. Тиймээс зээлийг хүүг хойшлуулах нь битгий хэл тэглэх асуудлыг ярих боломжтой.  

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: МИК буюу буюу Монголын ипотекийн корпораци гэдэг газрыг болиулъя гэдэг зүйл яригдаж байсан. Дунд нь мөнгө хүүлж байгаа энэ байгууллагыг татан буулгая гэхэд Монголбанк ипотекийн зээлийг энэ байгууллага руугаа явуулсаар байгаа. Зургаан сараар зээлээ хойшлуулах хүн МИК-д бүртгүүлэх ёстой болно. Энэ дунд нь өчнөөн бичиг цаасны ажил гээд дунд нь зургаан сар алдах талаар ярьж байна. Энэ мэт хүндрэл бэрхшээлийг яаж шийдэв вэ. 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: Засгийн газрын эх үүсвэрийн хүүг нэг хувь болгох замаар арилжааны банкуудын эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ 2019 онд хэрэгжсэн. Үүний үр дүнд ипотекийн зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн. Энэ оны хувьд улсын төсөвт эх үүсвэрийг татаас хэлбэрээр суулгасан учраас Засгийн газраас хүүгээ нэг хувь болгох боломжгүй болсон. 

Монголбанкны хувьд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн санхүүжилтээ зогсоосон. Одоо УИХ дээр яригдаж байгаа тогтоолын төслийн дагуу санхүүжилтээ буцааж олгох судалгаанууд хийгдэж байна. Энэ оны хувьд Монголбанк санхүүжилтээ олгож эхэлсэн тохиолдолд Засгийн газрын эх үүсвэртэй нийлээд 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоно. 

Хүү буулгахаар нэг талдаа төв банкны алдагдал нэмэгддэг. Энэ нь мөн валютын сан дээр асуудал үүсгэж болзошгүй байгаа. 

МИК компанийн хувьд зээлийн эргэн төлөлтийг сунгах асуудалд биднийг дэмжээд хамтраад ажиллаж байгаа. Нийт 72 мянган зээлдэгч байгаа учраас зохион байгуулалтын ажил нь төвөгтэй байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа найм, таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хувьд арилжааны банкуудтай хамтраад эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулж, төлбөр дээр нь хүү тооцохгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Тиймээс зээлдэгчдээс тавдугаар сарын 1-нээс өмнө хүсэлтийг нь аваад, гэрээнд нь өөрчлөлт оруулна. Ингэсэн тохиолдолд 72 мянган өрхийн 280 мянган иргэн сар бүрд 600-700 мянган төгрөг төлдөг байсан асуудлаа зургаан сараар хойшлуулах боломж бүрдэх юм

Алтны хувьд Монголбанк он гарснаас хойш нийт 5.3 тн үнэт метал худалдаж авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Алтны худалдан авалт нэмэгдэж байгаа шалтгаан нь мэдээж хилээр хууль бусаар асуудал буурсантай холбоотой. Нөгөө талаар алтны үнэ ор гарснаас хойш 10 гаруй хувиар өссөн. Тиймээс ААН-үүд үнийн өндөр түвшнийг ашиглаад олборлолтоо нэмэгдүүлж, Монголбанканд худалдаж, бид нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа. 

Инфляцын төсөөллийн хувьд дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 6.2 хувьтай байна гэсэн тооцоотой байгаа. Төсвийн асуудалд Монголбанк оролцох нь хууль эрх зүйн талаасаа хязгаарлагдмал байна. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Хэрэглээний зээл гэдэгт ямар ямар зээл багтаж байгааг тодруулмаар байна. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа найман хувийн ипотекийн зээлээс гадна банкны эх үүсвэрээр 13-аас дээш хувийн хүүтэй олгогдсон ипотекийн зээл авсан хүмүүс бий. Тэдгээр хүмүүс зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах арга хэмжээнд хамрагдах уу. 

Монголын банкуудын холбооны Гүйцэтгэх захирал Б.Анар: Банкууд зээлдэгчдийнхээ хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгоод бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх ажлыг өөрсдөө санаачлаад хийж байсан, хийсээр ч байх болно. Хүүг бууруулах асуудлыг хүртэл Монголбанктай хэлэлцэж байна. 

Хоёр төрлийн ипотекийн зээл байгаа. Засгийн газар, Монголбанкнаас олгосон хөнгөлөлтийн эх үүсвэртэй ипотекийн зээлүүдийг л зургаан сарын хугацаанд ямар ч төлөлт хийхгүй зогсоож байгаад бүр гэрээнийх нь хугацааг хойшлуулъя гэдэг шийдвэрийг Монголбанк гаргасан. Бусад зээлийн хувьд банкуудтайгаа л тохирно. 

УИХ-ын гишүүн Д.Мурат: Банкны зээл хойшлуулахад ямар нэгэн нотолгоо шаардаж байгаа юу. 

ХААН банкны Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Ипотекийн зээл болон хэрэглээний зээл гэж хоёр тусдаа ойлгох нь зөв болов уу. Ипотекийн зээл гэдэгт МИК-иас олгосон хэрэглээний зээл багтаж байна. Тавдугаар сарын 1-нээс өмнө зээлдэгчид хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулна. 

Хэрэглээний зээлийн орлого олж байгаа гол зүйл нь тухайн иргэний цалин, тэтгэвэр, бизнесийн орлого нь. Тухайн зээлдэгчид хүсэлтээ гаргасан тохиолдолд бид эргэн төлөлтийн хуваарийг тохиролцож, гэрээгээ шинээр байгуулна. 

ХААН банк 563 мянган зээлдэгчтэй. Эдгээр хүмүүс банкан дээр биечлэн ирж зээлийн гэрээгээ шинэчлэх шаардлагатай болж байна. Гэтэл цар тахлын үед энэ нь боломжгүй учир онлайнаар хүсэлтийг нь аваад, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцож байгаа. Тиймээс онцгой дэглэмтэй уялдуулан онлайнаар хийсэн гэрээг үндсэн гэрээтэй адил үзэх боломжтой болгож өгнө үү гэдэг хүсэлт байна. 

Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг: ХААН банкны төлөөллийн хэлж байгаагаар хууль эрх зүйн орчим бүрдүүлэхгүйгээр Монголбанкны шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн үг үү. Төв банкнаас гаргасан журмын арилжааны банкууд мөрдөөд явах ёстой. Тэгвэл Монголбанкны гаргасан шийдвэрийг хэн хэрэгжүүлэх ёстой юм бэ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Коронавирусээс болж орлого нь тасалдсан гэх иргэдийн зээл нэг их наяд орчим байгаа. Тэндээс 160 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад явж байна. 

Иргэдээс зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байгаа. Бүх зүйлээ тохирсон нөхцөлд хувиар гаргаад иргэдтэй уулзаж, зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж болох байх. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Эх оронч байхыг төв банкны удирдлагаас хүсч байна. Монголбанкнаас удирдамжаа арилжааны банкуудад өгөөч. Яагаад төв банк дандаа Засгийн газрынхаа эсрэг үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Банкуудын холбоо уриалга энэ тэр гаргахын оронд тодорхой шийдвэр гаргаад явж чадна шүү дээ. Арилжааны банкууд иргэдийн орлогогүй болсноо нотло гэж байна эсвэл зээлийн төлбөрөө ААН, иргэдийн данснаас шууд татаж байна. Эх оронч сэтгэлгээтэй, уян хатан байж болохгүй юу. 

Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг: Цалин буугаагүйн улмаас улмаас гуравдугаар сарын ипотекийн зээлээ төлж чадаагүй. Гэтэл хамтран зээлдэг тэтгэврийн хүний данснаас тэтгэврийн мөнгийг нь шууд татсан. Онцгой энэ үед хамтран зээлдэгчийн дансаас мөнгө татахдаа урьдчилж хэлж болохгүй юу гэдэг захидал байнгын хороонд ирсэн. 

ХААН банкны Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа: Урт хугацааны зээл дээр хамтран зээлдэгч байдаг. Хамтран зээлдэг нь зээлдэгчтэй адилхан үүрэг хүлээдэг. 

УИХ-ын гишүүдийн саналыг ойлгож байна. Эх оронч байх гэж эрмэлзье

Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг: "Зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн иргэдээс ирсэн гомдлуудыг дагуу нэг ойлголттой болгох зорилгоор төв банк болон арилжааны бүх банкуудын төлөөллийг байлгаж мэдээллийг сонслоо. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй буюу нийт 1.4 сая хүн ямар нэг төрлийн зээлтэй байна. Тэгэхээр хүн амын дийлэнх нь зээлтэй байхад төв банкнаас гарсан шийдвэр хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодруулахаар бүх талуудыг байлгаж, нэг ойлголтод хүрлээ. 

 
mpa.mn

Хэрэглээний зээлийг гурван сараар сунгах, ипотекийн зээлийг хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэр хэрэгжихгүй доголдол гарсан шалтгаан нь эрх зүйн орчныг тодорхой болгож, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх журам, зөвлөмжийг төв банк гаргах шаардлагатай байсан нь тодорхой болж байна. 

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэрийг дахин гаргасан. Энэ шийдвэр мөн адил өмнө шийдвэр шиг доголдолгүй байх талаар үүрэг өглөө. 

Монголын банкуудын холбооноос хэрэглээний зээлийг хэрэгжүүлэхэд ямар зээлийг багтааж ойлгох талаар нэгдсэн мэдээлэл байхгүй тул тодорхой болгох шаардлагатайг хэлж байна. Тиймээс хэрэглээний зээлд цалин, тэтгэвэр, малчны, картын зээлүүд орно гэдгийг маш тодорхой болголоо.

Мөн Монголбанкны гаргасан журам нь бүх банкуудад нэг өдөр, нэг цагт хүрч нэг ойлголтоор хэрэгжих хэрэгтэй байна. Аливаа, торгууль, шимтгэл авахгүй байх шийдвэрийг ч банкууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, хэрэгжихгүй байсан асуудлыг бүгд нэг шийдвэрээр явна, хэрэгжүүлнэ гэдгийг Монголын банкуудын холбооны зүгээс илэрхийлсэн” гэв.