Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой эдийн засгийн чухал арга хэмжээнүүд болон Засгийн газар болон төсвийн байгууллагуудын явуулсан үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяагаар ахлуулж байгуулахаар боллоо. Саналыг УИХ-ын Тамгын газарт хүрүүлсэн. 

Хоёрдугаарт, Засгийн газрыг энэ Лхагва гарагийн хуралдаанаар АН-ын зөвлөлөөс санал авахаар хүргүүлээд байгаа эдийн засгийн яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг хэлэлцэж хариу өгөх шаардлага явуулж байна. 

Гуравдугаарт, гадаадад амьдарч, сурч байгаа иргэдийн асуудалд ямар арга хэмжээ авах талаар ойрын үед хэлэлцэнэ. 

Дөрөвдүгээрт, НӨАТ-ын 10 хувийн татварыг таван хувь болгох асуудлыг хэлэлцсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр миний бие НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед НӨАТ-ыг буулгах нь иргэн бүрт хүрэх чухал арга хэмжээ юм. 

МАН-ын зарим гишүүн НӨАТ-ыг 10 хувь хэвээр байлгаж, буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ бол амьдралд ялангуяа суманд огт хэрэгжихгүй. 

Тиймээс НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлага бий болоод байна" гэлээ.