Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Apple, Google компаниуд коронавирусийн тархалтыг хянах технологи бүтээхээр нэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг гар утасны гол хөгжүүлэгчид болох Apple, Google компаниуд шинэ коронавирусийн тархалтыг хянах боломжийг хүмүүст олгох технологийг хамтран бүтээхээр болжээ.

Гар утасны Bluetooth дохиог ашиглах энэ технологи нь тухайн хүний явсан газар бүрт ажиллаж, ямар ямар хүмүүстэй халдвар дамжих хэмжээнд ойр байсныг нь бүртгэх юм.

Хэрвээ тэдгээр хүмүүсийн дотор Covid-19 өвчний халдвар илэрвэл гар утасны эзэнд мэдээлэл ирэх ажээ. 

Уг технологид GPS ашиглахгүй тул хувьд хүний нууцтай холбоотой ямар ч мэдээлэл хадгалагдахгүй гэнэ.

“Бидний бүтээж буй шинэ технологид хувийн мэдээллийн нууцлал, ил тод байдал, хэрэглэгчийн зөвшөөрөл хамгийн чухал байх болно” гэж хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп энэ технологийн талаар хэлэхдээ “Энэ бол маш сонирхолтой шийдэл. Гэхдээ олон хүн хувийн эрх чөлөөнд нь нөлөөлөх вий гэж санаа зовж байгаа. Тиймээс бид зөвшөөрөл өгөхөөсөө өмнө сайтар бодох ёстой” гэж мэдэгдсэн байна.

Apple бол iOS системийн хөгжүүлэгч. Харин Google Андроид системийг хөгжүүлдэг. Энэ хоёр компани нэгдвэл ухаалаг гар утасны бараг бүх зах зээлд шийдлээ хүргэж чадах юм.

Одоогоор Сингапур, Израйль, Өмнөд Солонгос, Польш зэрэг улсуудад ухаалаг гар утсыг ашиглан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэрэглэж байгаа. Гэхдээ тэд гуравдагч этгээдийн хөгжүүлсэн шийдлийг ашиглаж байгаа.

Харин Аpple, Google хоёрын шийдэл нь ямар нэг нэмэлт аппликэйшн шаардахгүй, үндсэн системийн нэг хэсэг болж ажиллах давуу талтай юм.

Bluetooth нь ойрын зайд гар утас хооронд холбоо тогтоох зорилготой. Тиймээс “contact tracking” гэгдэж байгаа энэ технологид хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. 

Apple, Google компаниуд шинэ технологи дээр сүүлийн хоёр долоо хоногийн турш хамтран ажиллаж байгаа гэнэ. Харин Баасан гарагт анх удаа нийтэд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC