Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард зөвхөн 12 дугаар ангийн сурагчдад цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судалж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ цар тахлын үед Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зарчмын зөрүүтэй саналаа оруулаад байнгын хороон дээр бүх санал унасан. Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ болж чадаагүй. Ажлын байрыг хадгалахыг хичээсэн, зарим нэг хүний орлогыг хамгаалах л долоон арга хэмжээ.

Хүссэн хүсээгүй цогц арга хэмжээ авах, мөнгө санхүүгийн болон ААН-ээр ялгаварлалгүйгээр дэмжих, иргэдээ ядуурал руу түлхэхгүй байх ёстой гэдгийг бид тод хэлсэн.

Бид цаашдаа өөрсдийнхөө багц санал гаргаад явна. Хоёр зүйлд санаа зовж байна.

Нэгдүгээрт, гадаадад сурч байгаа оюутнууд хүнд байна гэж байна. Эцэг, эх нь энд орлого нь тасраад мөнгө явуулж чадахгүй, наашаа ирж чадахгүй байна. Гадаадад сурч байгаа оюутнуудыг дэмжих заалт байгаа юу?, Дэмжих боломж юу байна?

Хоёрдугаарт, Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах гэж байгаа гэж байна. Төгсөх ангийн хүүхдүүдэд санаа зовж байна. ЭЕШ-д хамаарах хичээлүүдээр төгсөх ангийн хүүхдүүдийг хичээл давтуулах боломж байгаа юу, Цахимаар хийсэн гээд шалгалт өгөх болоход асуудал үүсэх вий гэж санаа зовж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадаадад байгаа Монгол иргэдээ Засгийн газрын хуралдаан болгоноор ярьж байгаа. Өчигдрийн байдлаар 6,650 орчим иргэн ирэх хүсэлтээ тавиад байгаа. Үүний дотор өвчтэй зовлонтой, ахмадууд, нялх хүүхэдтэй хүмүүс, оюутнууд байна. Онгоц хязгаарлагдмал, нисэх боломж хязгаарлагдмал байгаа. Энэ асуудлыг Засгийн газар боломжийнхоо хүрэнд шийдээд явах болно.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Цар тахлын хүрээнд боловсролын салбарт хөл хорио тавьсан. 190 гаруй улсад 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна.

Манай улс цаг хугацааны хувьд мэдрэмжтэй шийдвэр гаргаж, теле хичээлийг сайн зохион байгуулж байна. Бид судалж байгаа. Ямар ч байсан хүүхэд залуусынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй, сургалтыг тасалдуулахгүй байх, их дээд сургуулиа онлайнаар, цэцэрлэг сургуулиа теле хичээлээр явуулж байгааг ЮНЕСКО хүртэл онцолж байна.

Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусна. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ. Тиймээс ямар зохицуулалт хийх, яаж явуулахаа танилцуулна. Бид ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн.

12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг судалж байна. Эхний ээлжинд бид 28,000 хүүхдэдээ бүх сурах бичиг CD-ийг хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Онлайн сургалтыг үнэхээр сайн явуулж байна. Баяр хүргэх ёстой. Сургалтыг олон удаа харсан. Багш нар үнэхээр сайн зааж байгаа. Цаашдаа 6-8 настай хүүхдүүдийг сумын төвд авчирч баахан зардал гаргаж байхаар онлайнаар хичээллүүлэх боломжтой гэж харж байна.