Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус гэртээ байгаа учир "Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа олон улсад халдварын тархалт ямар хэмжээнд байгааг танилцуулав. 

Тэрбээр "Дэлхийн дахинд COVID-19-өөр 1,282,931 хүн өвчилж, 72,774 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн бол Итали, Францад 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралтын хувь 11 байгаа.

Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй.

Манай бүсийн орнууд буюу БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн байна. Харин Япон, Филиппин улсад нийслэл хотдоо их байна. 

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран "Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлсэн. Уг санаачилгын хүрээнд хүүхдүүдийн унших дуртай номын зохиолчид өөрсдийн номоосоо уншиж өгөх юм.

Эхний оролцогч нь 50 гаруй хэл дээр, 180 сая номоо борлуулсан зохиолч Элизабета Дами байсан бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан номоо уншин, хүүхдүүдийн асуултад хариулсан" гэлээ. 

COVID-19 өвчний үед хүмүүсийн эв нэгдэл, сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй нүүр тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж "Нэг дэлхий", "Гэртээ хамтдаа" санаачилгыг эхлүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 18-нд Лэди Гага тоглолтоо шууд дамжуулахаа зарласан гэдгийг тэрбээр мөн дурдлаа.



Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа 20 секундийн турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж хэвшүүлнэ үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудан эмнэлгийн тусламж аваарай.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.