Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост тусгаарлагдсан хүмүүсийг хянахын тулд электрон бугуйвч ашиглах талаар судалж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянахдаа электрон бугуйвч ашиглах боломжийг судалж байгаагаа Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамны албан хаагч өнөөдөр мэдэгджээ.

Хэрвээ өөрийгөө тусгаарлах журмыг зөрчих явдал нэмэгдвэл ийм арга техникийг ашиглахаас өөр аргагүй болно гэж тэр хэвлэлд ярьсан байна.

Одоогоор тус улсын засгийн газар гар утасны аппликэйшний тусламжтай тусгаарлагдсан хүмүүсийг хянаж байгаа.

Гэвч гар утсаа орхиж гэрээсээ гарах, GPS функцийг нь унтраах явдал гарч байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд тусгаарлагдах журмыг зөрчсөн 75 хүнийг илрүүлснээс зургаагийнх нь хэргийг прокурорт шилжүүлжээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд Өмнөд Солонгост гадаадаас ирсэн хүн бүр 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой болсон.

Одоогоор тус улсад 46,566 хүн өөрийгөө тусгаарлаад байгаагийн 36,000 орчим нь гадаадаас ирсэн хүмүүс юм байна. Энэ тоо удахгүй 80,000-д хүрэх төлөвтэй байгаа юм.

Өнгөрсөн Ням гарагаас эхлэн Өмнөд Солонгост тусгаарлах журмыг зөрчсөн хүмүүст оноох шийтгэлийг чангатгасан байна. Зөрчил гаргасан этгээдүүд нэг хүртэл жил шоронд хоригдох шийтгэл, эсвэл 10 сая воны ($8,172) торгууль хүлээх юм.

 

Эх сурвалж: Yonhap News