Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Африк гаралтай Америкчууд коронавирусийн өвчлөлд хамгийн их өртөж байгааг тоо баримт харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын мужуудаас авсан тоо эхний тоо баримтуудаас Африк гаралтай Америкчууд шинэ коронавирусийн халдвараар амиа алдах магадлал хамгийн өндөр байгаа нь харагджээ.

Тухайлбал Иллиноис мужид нийт халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувь африк гаралтнууд байгаа бол эндэгдлийн 40 хувийг тэд бас бүрдүүлсэн байна.

Гэтэл Иллиноис мужийн хүн амын 14.6 хувь нь л африк гаралтнууд ажээ.

Хүн амынх нь 14 хувийг бүрдүүлдэг Африк гаралтай Америкчууд Мичиган мужид бүртгэгдсэн нийт эндэгдлийн 40 хувийг бүрдүүлсэн байна.

Коронавирусийн тахлын хамгийн том голомт болоод байгаа Нью Йорк зэрэг мужууд өвчтөнүүдийг арьс өнгө, угсаа гарлаар нь ялгасан мэдээллийг гаргаагүй байгаа ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Covid-19 өвчнөөр өвчилсөн суурь өвчтэй хүмүүс амиа алдах эрсдэл хамгийн өндөр гэж дүгнэдэг юм.

Дээрх тоо баримт нь Африк гаралтай Америкчуудад эрүүл мэндийн үйлчилгээ хангалттай хүрдэггүй, нийгэмд тэгш бус байдал тогтсоныг харуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Өнгөрсөн сард сенатор Элизабет Уоррен, сенатор Камала Харрис тэргүүтэй Ардчилсан Намын хэсэг хууль тогтоогчид коронавирусийн тоо баримтыг арьс өнгө, угсаа гарлаар нь ялгаж харуулахыг эрүүл мэндийн сайд Алекс Азараас хүссэн байна.

Тэд цар тахлын үр дүнд Америкийн нийгэмд эрүүл мэндийн үйлчилгээ хэр тэгш хүртээмжтэй байгааг харах боломжтой гэж үзэж байгаа юм.

Даваа гарагийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын нийт тоо 350,000 хүрч, нас барсан өвчтөний тоо 10,000 гараад байна.

 

Эх сурвалж: Reuters