Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украинчууд Чернобылийн хаалттай бүсэд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Украины хойд хэсэгт орших Чернобылийн ослын хаалттай бүсэд ойн түймэр гарсан нь өнөөдрийг хүртэл үргэлжлэн шатаж байна.

Түймэр гарсан бүсэд цацраг идэвхийн хэмжээ хэвийн үеийнхээс 16 дахин өндөр байгааг Украины байгаль орчны хяналтын газрын тэргүүн Егор Фирсов мэдээлжээ.

Даваа гарагийн өглөөний байдлаар ойн түймрийн хамрах хүрээ 25 га газар болж хумигдсан байна. Амралтын өдрүүдэд 100 орчим га газарт түймэр шатаж байжээ.

Цацраг идэвх өндөр нөхцөлд галыг унтраахаар 140 хүн, хоёр нисэх онгоц, нэг нисдэг тэрэг ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн байна.

Украины цагдаа нар түймэр тавьсан этгээдийг мөрдөж илрүүлжээ. 

Чернобылийн ойролцоо тосгонд амьдардаг 27 настай эрэгтэй зугаацах зорилгоор хуурай өвс шатаасан нь сүүлдээ түймэр болж өргөжсөнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хуулийн дагуу түймэр тавьсан этгээд тав хүртэл жил шоронд хоригдох ял эдлэх юм.

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарсан нь түүхэнд тохиолдсон хамгийн том цөмийн гамшигт тооцогддог. Ослын дараа 2,600 км.кв талбайтай газрыг хориотой бүсээр зарлаж, хүн суурьшихыг хориглож байжээ.

Украин улс сүүлийн жилүүдэд Чернобылийн ослын хаалттай бүсийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн онд хаалттай бүсэд нийт 10,000 гаруй жуулчин ирсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Associated Press