Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландын ерөнхий сайд долоо хоногийн нэг өдөр эмчээр ажиллана

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирландын ерөнхий сайд Лео Варадкар долоо хоногийн нэг өдрийг эмчээр ажиллаж өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн сард Ирландын эрүүл мэндийн яам салбартаа ажиллахгүй байгаа эмч, мэргэжилтнүүдэд коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд нэгдэх уриалга гаргасан юм.

Өөр ажил эрхэлж байсан, тэтгэвэртээ гарсан олон мянган эмч мэргэжилтэн засгийн газрынхаа уриалгыг хүлээн авч, ажиллахаар бүртгүүлжээ.

Улс төрч болохоосоо өмнө эмчээр ажиллаж байсан Ирландын ерөнхий сайд тэдний нэгэн адил уриалгыг хүлээн авсан байна.

41 настай Варадкар өвчтөнтэй тулж ажиллахгүй, утсаар тусламж, зөвлөгөө өгөх ажилд томилогдож магадгүй байгааг “The Irish Times” сонин мэдээлжээ. Ирландын засгийн газрын хэвлэлийн алба ерөнхий сайдыгаа өөрийн мэдлэг, чадварт тохирсон ажилд томилогдон ажиллана гэж мэдэгдэж байв.

Варадкарын аав, Энэтхэгийн цагаач Ашок хүний эмч байсан бол ээж Мириам нь сувилагч байсан юм. Варадкарын гэр бүлийн хүн нь зүрх судасны эмч юм байна.

Ирланд улс Европын орнуудаас түрүүлж, коронавирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээ авсан хэдий ч өнөөдрийн байдлаар 5,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 158 өвчтөн нас бараад байна.

Лео Варадкар 2017 онд төв үзэлтэй Fine Gael намын даргын суудалд сууж, дараа нь ерөнхий сайдаар томилогдсон юм.

 

Эх сурвалж: The Guardian